Энэ сарын эхний хагаст Азербайжаны нийслэл Баку хотноо 42 дахь удаагаа зохиогдож буй хүн төрөлхтний эв санааны нэгдлийг илэрхийлэгч Дэлхийн шатрын олимпиадад манай гаригийн улс, орнуудын эрэгтэй 180, эмэгтэй 140 багийн шатарчид швейцарь оноолтын 11 тавилд өрсөлдөж байна. Энэ олимпиадад оролцож буй Монголын эрэгтэй шатарчдын баг 2474 дундаж чансаагаар 57-д, эмэгтэйчүүд 2332 чансаагаар 15-д тус тус эрэмблэгдэв.
Олимпиадын таван тавилын дараа эрэгтэйчүүдийн тэмцээнийг Голланд, Украин, Энэтхэг 10, Чех, АНУ есөн оноогоор хошуучилж байгаа бол Украинд ялагдсан ОХУ 18 багийн хамт найм, Монгол 13 багийн хамт долоон оноотой 38-р байрт бичигдэж байна. Эмэгтэйчүүдийг ОХУ, Украин 10, Румын, БНХАУ, Азербайжан 9 оноогоор тэргүүлж байгаа бол Монгол 6 оноотой 34-рт эрэмбэлэгджээ.
Энэ ялдамд дурьдахад, 2014 онд Норвегийн Тромсё хотноо явагдсан Шатрын Их наадамд оролцсон Монголын эрэгтэйчүүдийн баг (№ 59-д эрэмблэгдсэн, 2461 дундаж чансаатай) 12 оноогоор 61-78 дугаар байр эзлэн, эмэгтэйчүүд (№28, 2251) 15 оноогоор 10-18 дугаар байр эзэлсэн багуудаас нэмэлт үзүүлэлтээр 16-д шалгарч “В” хэсэгтээ түрүүлэн алтан медаль хүртсэн билээ.
Олимпиадын зургадугаар тавил өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр болох бөгөөд манай эрэгтэйчүүд Узбекстан (31), эмэгтэйчүүд Монтенегро (42) багуудтай тоглох учраа таараад байна.
Манай шатарчдын тавил тус бүрд тоглосон дүнг үзүүлбэл, эрэгтэйчүүд эхний тавилд Макаог (147-д эрэмблэгдсэн) 3,5:05 харьцаагаар ялж удаахад Финляндтай (54) 2:2 тэнцэн, 3 ба 4 дэх тавилд зөвхөн их мастеруудаас бүрдсэн Катар (55) ба Хорватын (18) багуудыг тус бүр 2,5:1,5 харьцаагаар ялж 5 дахь тавилд Туркт (19) 1:3-аар хожигдсон бол эмэгтэйчүүд маань 1-р тавилд Финляндыг (82) 3,5:0,5-аар ялж 2-р тавилд Азербайжан-II (28) багт 1.5:2.5-аар хожигдон 3 дахь тавилд Ямайкыг (75) 3.5:0.5-аар дийлж 4 дэх тавилд Чехэд (25) 1.5:2.5-аар хожигдон харин 5 дахь тавилд Тажикстаныг (72) 4:0-оор ялжээ.
Монголын эрэгтэйчүүдийн багт (ширээний дарааллаар) нүүж буй ОУМ Г.Мөнхгал 2 (4 өрөг тоглосон), ИМ Б.Гүндаваа 2,5 (5), ИМ Ц.Батчулуун 4 (5), ФМ С.Билгүүн 2 (4), ОУМ Н.Баттулга 1 (2); эмэгтэйчүүдээс ОУМ-ЭИМ Д.Номин-Эрдэнэ 2 (4), ОУМ-ЭИМ Т.Батчимэг 3 (4), ЭОУМ Ү.Үүрийнтуяа 2,5 (4), ЭИМ А.Энхтуул 4,5 (5), ЭОУМ У.Лхамсүрэн 2 (3) оноотой байна.
Олимпиадын зургадугаар тавил өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр болох бөгөөд манай эрэгтэйчүүд Узбекстан (31), эмэгтэйчүүд Монтенегро (42) багуудтай тоглох учраа таараад байна.
Шатрын их наадмын 3-р ширээнд амжилттай тоглож буй манай тамирчин Хорватын супер их мастерыг дийлж багтаа ялалт авчирсан өргийг сонирхоно уу.
Л.ТОГООХҮҮ