Монгол, Оросын залуу эрдэмтэд чуулна

Хуучирсан мэдээ: 2016.09.05-нд нийтлэгдсэн

Монгол, Оросын залуу эрдэмтэд чуулна

Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд “Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт”-ыг 9 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтын хүрээнд Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болон урлаг, спортын бага наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эрдэм шинжилгээний хурлын нээлт өнөөдөр 14.00 цагаас ХААИС-ийн байранд болно. 

Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь хоёр орны залуу эрдэмтэн судлаачид өөр хоорондоо танилцах, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход оршиж байна.
Хурал техник, технологи, байгалийн ухаан, геологи, газарзүй, нийгэм, хөдөө аж ахуй, биотехнологи, анагаах ухаан гэсэн үндсэн 6 чиглэлийн салбар хуралдаануудаар үргэлжлэх юм.

Чуулга уулзалтад ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүү, Буриадын шинжлэх ухааны төв, Эрхүүгийн Их сургууль, Эрхүүгийн үндэсний техникийн их сургууль, Эрхүүгийн хөдөө аж ахуйн их сургууль зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгуулагуудын 70 гаруй төлөөлөгчид оролцох юм. Харин монголын талаас БСШУСЯ, ШУА, ШУТСан, МЗЭХ, ШУТИС, МУБИС, ХААИС болон бусад эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд зэрэг нийт 25 байгууллагын 500 гаруй залуу судлаачид оролцоно. Анхдугаар чуулга уулзалт энэ оны 5 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдаж, монгол улсаас 108 залуу судлаач Эрхүү хотноо айлчлан, эрдэм шинжилгээний хурал, урлаг, спортын тэмцээн уралдаанд амжилттай оролцож байжээ.

Манай хоёр орны орчин үеийн шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа 1920-иод оноос эхтэй бөгөөд монголд орчин үеийн шинжлэх ухааны салбарууд бий болж хөгжихөд ОХУ-ын ШУА-ийн гүйцэтгэсэн үүрэг асар их билээ. Хоёр улсын Шинжлэх ухааны Акедемийн хамтын ажиллагааны хүрээнд судалгааны тодорхой чиглэлүүдээр хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлдэг бөгөөд ингэснээр хоёр орны судлаачид харилцан суралцаж, туршлага солилцохоос гадна шинжлэх ухааны залуу халааг бэлтгэхэд ихээхэн дэмжлэг болж байна. Хамтын ажиллагааны бас нэг онцлох үйл ажиллагаануудын хэлбэр нь хамтарсан экспедицүүд юм.

Тухайлбал, палеонтологийн хамтарсан экспедици 1930-аад оноос, геологийн хамтарсан экспедици 1968 оноос, түүх, соёлын хамтарсан экспедици, мөн биологийн иж бүрэн экспедици 1970 оноос эхлэн судалгааны ажлаа эхлүүлж одоог хүртэл амжилттай хамтран ажилласаар байна. ОХУ-ын Сибирийн салбар нь хамрах хүрээ, газар нутгийн хувьд Оросын ШУА-ийн бүс нутгийн хамгийн том салбар бөгөөд манай улстай ойр дөт оршдог, судалгааны ажлын нилээд нь хоорондоо уялдаатай төдийгүй геологи, газар зүй, экосистемийн судалгааны обьектууд нь нийтлэг учраас Монголын эрдэмтэд энэ салбартай идэвхтэй хамтран ажилладаг юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж