Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрээр төсвийн тодотголд тусгасан татвар нэмэх асуудлыг эгүүлэн татах шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг гаргасан тухай мэдэгдлээ.
Тэрээр хэлэхдээ “Засгийн газар 2016 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Төсвийн тодотголд тусгасан зарим асуудлыг МАН-ын бүлэг авч хэлэлцээд татвар нэмэх асуудлыг эргүүлэн татуулах улс төрийн шийдвэр гаргалаа. Төсвийн тодотголоор дамжуулж хэд хэдэн татварын зүйл заалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байсан. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө, архи тамхи, алттай холбоотой татвар нэмэх асуудал оруулж ирээд байсан. Эцэст нь бүх төрлийн татварыг нэмэхгүй байх улс төрийн шийдвэр гаргалаа. Төсвийн тодотголыг Засгийн газар өргөн барьсан цагаас нийгэмд нэлээд сөрөг ойлголт явагдсан. Тухайлбал 2,5 саяас дээш цалинтай хүнд татвар ноогдуулах заалт оруулж ирсэн. Энэ нь 2,5 сая хүртэлх цалинтай хүнээс 25 хувийн татвар авахгүй. Түүнээс дээш цалинтай хүнээс татвар нэмж авах тухай асуудал юм. Ажил хөдөлмөр эрхэлж, цалин авч байгаа хүмүүсийн 1,6 хувь нь 2,5 саяас дээш цалин авдаг.
Мөн 150 ам метр орон сууцтай иргэдээс татвар авахгүй, түүнээс дээш ам метр орон сууц эзэмшдэг иргэдээс татвар авах тухай асуудал байсан. Ер нь өнгөрсөн дөрвөн жил төсвийн сахилга бат алдагдсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Улс орон нэг л төсөвтэй байдаг. Гэтэл манайд парламент нь төсвөө хянадаг хуулийн хэм хэмжээ алдагдсан. Үүнээс болж улсын хэмжээнд дөрөв таван төсөвтэй явдаг болсон. Ийм байдлаас болж төсвийн алдагдал дөрвөн их наяд төгрөг болж түүхэнд байгаагүй хэмжээгээр тасарлаа. Иймд төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зарлага хумих зүйлсийг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл шүүгч, төрийн өндөр, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг бууруулах тухай бүлэг дээр ярьж байгаад цалин хасахгүй байх улс төрийн шийдвэр гаргасан. Ингээд цалин хасах, татвар нэмэх асуудал МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрээр буцаагдаж байна” гэлээ.
Т.ДАВААНЯМ