УИХ-ын 26 дугаар тогтоолд хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2016.09.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын 26 дугаар тогтоолд хориг тавилаа

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийг тус тус үндэслэн, уг тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна” гэжээ.


  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр “Рио-2016” зуны олимпийн наадмын мөнгөн медальт, жудо бөхийн тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт боксын спортын тамирчин Д.Отгондалай нарыг болон олимпийн тэмцээнээс дуулиан дагуулсан чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзлаа.

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал, ноён Роберт Гайлыг хүлээн авч уулзан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” /Тусгай замын автобус буюу BRT/ төслийн талаар санал солилцлоо.

Ноён Роберт Гайл “Төслийг эхүүлэхээр талууд 2014 онд гэрээнд гарын үсэг зурсан ч төслийн явц удаашралтай байгаад санаа зовниж байна. Тиймээс төслийг аль болох богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна” гэлээ. Мөн ирэх жил тусгай замын автобусны эхний коридорыг ашиглалтад хүлээлгэн өгөхийг эрмэлзэлж байгаагаа хэллээ.


  • МАН-ын бүлэг өчигдөр хуралдлаа. Бүлгийн хурлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцээд, Я.Содбаатар, Д.Сарангэрэл нарыг томилсон байна. Бүлгийн хуралдааны өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, уг асуудлыг мөн хэлэлцсэн юм. Мөн төсвийн тодотгол, Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг хэлэлцжээ.

  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны 80 гаруй иргэдийн төлөөлөл өчигдөр Төрийн ордоны баруун хаалган дээр цугларч, эсэргүүцэл илэрхийллээ. Тэдний мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Б.Батзориг нь Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа эрх мэдлээ ашиглан иргэдэд олгох ёстой 0.07 га газрыг танил тал, ах дүү хамаатандаа өгсөн гэлээ. Тиймээс Монгол Улсын иргэн бүрд хуулиар олгогдсон 0.07 га газрын асуудлаа шийдүүлэхийн тулд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг эсэргүүцсэн шаардлагаа УИХ-ын дарга М.Энхболдод өгөхөөр цугларчээ.

  • Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Орхон голын эх бүрэлдэх газарт алт олборлосны улмаас Орхон гол улаан хоормог болтлоо бохирдож, ус биш шороо, шавраар урсаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн.

Нутгийн иргэдийн ундны ус битгий хэл мал ууж болохгүй болтлоо бохирдсон Орхон голын бодит байдал, хууль, дүрэм журмыг уландаа гишгэсэн алтны компаниудын үйл ажиллагаа, хариуцсан яам, мэргэжлийн байгууллагуудын авч буй арга хэмжээнд дүгнэлт хийж голын бохирдлыг бууруулах үүрэг, чиглэл бүхий БОАЖЯ, УУЯ, МХЕГ, зарим ТББ-ын хамтарсан ажлын хэсгийг өнгөрсөн сард байгуулжээ.

Ерөө, Хүдэр сум, Бугант тосгоны нутагт нөхөн сэргээлт явуулах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллагаас шалгалт явуулжээ. Гэтэл нөхөн сэргээлт нэрийн дор ашигт малтмал олборлосон зөрчил хэд хэд гарсан байна.

Иргэн С гэгч захиралтай “Агро копт” ХХК нь Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газарт олборлолт явуулж, 95 сая төгрөгийн хохирол учруулжээ. Мөн иргэн Б Ерөө сумын Могойн гол гэх газарт хууль бус аргаар олборлолт явуулж, байгаль экологид 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Эдгээр үйлдэлд Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж