Их хотын амьдралд дасан зохицно гэдэг орон нутгийн оюутнуудын хувьд том асуудал. Учраа олохгүй будилж, төөрсөн оюутнууд хаа сайгүй “газар” асууж шуугиулж явдаг даа. Энэ ч яах вэ, амьдрах газраа олж төвхнөхийн хажууд бол юу ч биш.
Их, дээд сургуулиудад жил бүр дунджаар 30-35 мянган оюутан элсэн суралцдаг. Үүний 5-6 мянга гаруй нь хөдөө орон нутгийн оюутнууд байдаг бөгөөд хотынхоо бүлийг нэмэн суурьшдаг гэсэн үг. Энэ жилийн хувьд оюутны дотуур байранд амьдрагсдын тоо буурсан гэсэн мэдээлэл байна. Учир нь их, дээд сургуулиудын дотуур байрны төлбөр өндөр байгаагаас ах дүү, хамаатан садныдаа амьдрах нь ихэссэн гэх.
Хэзээ билээ дээ, хөдөөнөөс оюутан болж ирээд хотод суралцаж байсан нэг найз маань “Айлд амьдрана гэдэг Гандангийн тагтаа боллоо л гэсэн үг. Өгсөн хоолыг нь идээд л сууж байдаг” гэж хэлж билээ. Хотод хөл хөдөлгөөн ихсэхэд дэлгүүр, паб, караокены эзэд баярлаж, нийтийн тээврийн үйлчилгээнийхэн уйлдаг биз.
Бодоод үзье. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 21 байгууллагын 1200 гаруй автобус үйлчилдэг. Хотын хэмжээнд үндсэн болон хот орчмын гэсэн нийт 79 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Оюутан, сурагчдын хичээл ихэвчлэн өглөө эрт ордог тул энэ үеэр автобуснууд хөл тавих зайгүй шахам дүүрч, зарим зорчигчид багтахгүй үлдэхэд ч хүрдэг. Ядаж байхад олон оюутантай их, дээд сургуулиуд ажил хэрэг өрнөж буй хотын төв хэсгээр байрладгийг ч хэлэх үү, автобус, унаа гэдэг том асуудал.
Аргагүй биз дээ, 180 мянган оюутны 113 мянга нь автобусаар зорчдог байхад… Нийслэл энэ мэт төвлөрлөөс болоод ачааллаа дийлэхээ байсныг ойлгож, одоогоос тав жилийн өмнө их, дээд сургуулиудын хотхон байгуулж, нийслэлийг тэлж хөгжүүлнэ гэсэн яриа гарч байлаа. Энэ төлөвлөгөө хэрэгжиж эхлэх шинж байна уу гэсэн иргэдийн асуултад хариулт олохыг хүсэв.
Засгийн газрын 2010 онд баталсан 149-р тогтоол буюу “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх тухай” төсөлд МУИС, МУБИС, ЭМШУИС, ХААИС, ШУТИС гэсэн улсын томоохон таван сургуулийн хотхоныг Налайх, Шивээтийн хөндийд 2.000 га газар хамруулан байгуулна гэж тусгажээ.
“Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа”-наас тодруулснаар бол тус төсөл нь нийт дөрвөн үе шаттай явагдах бөгөөд эцсийн хугацаа 2030 он юм байна. Тэгвэл одоо төсөл бэлтгэл үе шатнаасаа гарч, хэрэгжүүлэлтийн шатандаа орох хугацаа нь аль хэдийн өнгөрсөн баймаар. Үүнд үндсэн барилгажилтын хэсэг буюу хичээлийн байр, дотуур байр, орон сууц, оффис, цэцэрлэг гээд нийт 18 барилга барих ажил багтаж байгаа юм. Уг нь бол дээрх ажлуудыг 2017 он гэхэд дуусгана гэж төлөвлөжээ. Гэтэл барилга байгууламж байтугай шаваа ч тавьж амжаагүй байгаа нь энэ ажил ямар их удааширч байгааг харуулна.
“Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа”-ны дарга Ю.Энхбатаас дээрх асуудалтай холбоотойгоор зарим зүйлсийг тодрууллаа.
-Их сургуулиудын хотхон барих ажил төлөвлөгөөнөөсөө удааширч байгаа шалтгаан нь юу вэ?
-Хэд хэдэн шалтгаан байна. Би энэ төслийн ажлыг 2013 онд хүлээж авсан. Намайг ажил хүлээж авахад “Их сургуулиудын хотхон барина” гэсэн зөвхөн санаа л байсан. Ямар ч төлөвлөгөө хийгдээгүй байсан гэсэн үг. Харин 2015 онд бүх нарийвчилсан төлөвлөгөөнүүдээ боловсруулж, батлуулах ёстой газруудаар нь батлуулсан. Гэтэл явсаар эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад хөрөнгө оруулалтгүй болсон. Нэг ёсондоо улсаас мөнгө гаргахгүй гэж хэлсэн. Гэсэн хэдий ч бид хөрөнгө оруулалтын өөр эх үүсвэр олох тал дээр ажиллаж байгаа.
-Төлөвлөгөөгөө бодит ажил болгохын тулд хэр их хэмжээний мөнгө хэрэгтэй вэ?
-12 их наяд. Үүнээс нэг их наядыг нь л улс даачих юм бол барилга байгууламж, шугам сүлжээ, зам тавих зэрэг ажлуудыг хийх боломжтой. Үүний дараагаар дагавар хот байгуулах томоохон ажлыг шат дараалалтай хийх болно.
-Оюутан залуус, эцэг эхчүүдэд нэг л асуулт байна. Хэзээ их сургуулиудын хотхон ашиглалтанд орж, төлөвлөж байсанчлан шинэ байрандаа 160 мянган оюутан хүлээж авахад бэлэн болох вэ?
-Одоо бидэнд хөрөнгө оруулалт орж ирвэл маргааш нь ч хамаагүй байшин барилгаа барьж эхлэхэд бэлэн болсон байгаа. 5-20 жилийн хугацаанд дагуул хот сүндэрлэн босох боломжтой гэв.
Төслийн багийнхан гадаадаас зээл хүсч үзсэн байна. Гэвч Монголын эдийн засаг, засаг төрийн байдал нь байнгын тогтворгүй байдаг гэж үзэх үүднээс татгалзах хариу ирүүлдэг гэнэ.
Ажлын үйл явц нэг иймэрхүү. Тэгвэл “Их, дээд сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх” төсөл амжилттай хэрэгжвэл баярлууштай сайхан хэрэг болно гэдгийг оюутнууд, багш, эцэг эхчүүд ярьж байна.
МУИС-ийн 3-р дамжааны оюутан А.Эрдэмээс их, дээд сургуулиудыг хотхон болгон нүүлгэн шилжүүлэх талаар сонссон эсэхийг нь асуухад,
-Хоёр жилийн өмнө сонссон юм байна. Одоо чимээ сураг байхгүй болохоор хэрэгжихээ больсон юм байх гэж бодсон гэлээ. Хэрвээ их, дээд сургуулиудыг хотхон болгон шилжүүлбэл өөрт нь ямар байхыг лавлавал “Маш сайхан санагдана. Яагаад гэвэл холоос сургууль руугаа явах, автобус хүлээх, чихэлдэх шаардлагагүй болно шүү дээ. Манайх л гэхэд 3-р хорооллын эцэст амьдардаг. Манай энд олон орон сууц байдаг болохоор олон оюутантай. Унаа хүрэлцэхгүй байх явдал их. Ялангуяа өвлийн улиралд маш хэцүү. Биеийнхээ аль нэг хэсгийг хөлдөөх шахдаг” гэж харамсангуй ярилаа.
Харин ШУТИС-ийн багш Э.Энхболд энэ талаар өөрийн хэмжээнд судалсан бололтой. “Их, дээд сургуулиуд хотын төвдөө төвлөрсөн манайх шиг улс бараг дэлхийд байхгүй байх. АНУ л гэхэд томоохон сургуулиудаа жижиг мужууддаа байрлуулдаг. Харин оюутнууд нь аль сургуульд суралцахаа л сонгосон бол тийшээ нүүж очиж суралцдаг. Харин нилээд хэдэн жилийн өмнө Монголд иймэрхүү тогтолцоо бий болох гэж буйг сонсоод их баярласан. Учир нь үүнийг дагаад дэд бүтэц хөгжинө, ажлын байр нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ” гэлээ.
Ирээдүйгээ нэг, хоёр жилээр харж байгаа улс хүнсээ бэлддэг, арав хорин жилээр харж чаддаг улс мод тарьдаг, зуун зуун жилээр харж байгаа улс хүнээ боловсруулж хөгжүүлдэг гэдэг. Дэлхий дээр 610 гаруй “campus”-тай их сургуулиуд байдаг. Бараг улс бүр дор хаяж оюутны нэг цогцолбор хотхонтой гэсэн үг. Харин Монголд оюутны хотхон бодит биелэлээ олж чадахгүй олон жилийг өнгөрүүлж байна. Одоо ч гэсэн асуулт тавиад үлдээе. Хэзээ их, дээд сургуулиудаа хотоос нүүлгэх вэ?
О.ТЭГШБУЯН