Хямралын хүндрэлийг хөгшчүүлд ингэж үүрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.06-нд нийтлэгдсэн

Хямралын хүндрэлийг хөгшчүүлд ингэж үүрүүлнэ

Мэргэжлийн Засгийн газраас боловсруулан УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж буй Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд хэмнэлтийн бодлогыг онцгойлон тусгажээ. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн хямралыг эгэл ардын нуруун дээр үүрүүлэхгүй хэмээн амласан боловч хэмнэлтийн бодлогын заазуурт хүүхэд хөгшидгүй өртөхөөр дүр зураг гарчээ.

Төсвийн тодотголын төслөөр өрхийн амьжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгож, үлдсэн 40 хувьд хамрагдах хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа юм. Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээний төсвийг 906.2 сая төгрөгөөр бууруулж, цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулна гэж гүйцэтгэх засаглалынхан тодотголдоо оруулжээ. Ээлжит бус чуулганаас эцэслэн шийдээгүй ч энэхүү төсвийн тодотголыг хүүхдэд ээлгүй шийдвэрээр тодруулж болох нь.

Хэмнэлтийн бодлогод өртсөн удаах хүмүүс бол оюутнууд. Энэ хичээлийн жилд Засгийн газраас их дээд сургуульд суралцагч оюутны 70,200 төгрөгийн тэтгэлгийг олгохгүй бол Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоохоор тусгажээ. Үүний зэрэгцээ оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцах унааны зардлын 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцахын дээр 2016-2019 онд оюутнуудыг улсын төсвийн тэтгэлгээр гадаадад сургах боломжгүй хэмээн мэдэгдээд буй.

Мөн Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог журамд өөрчлөлт оруулж, тэтгэвэрт гарахдаа ТАХ-д 1-12 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг авдаг болно. Шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтнуудтай дүйцэхүйц хэмжээгээр бууруулна гэхчлэн Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэдгийг харуулахаар зүйл заалтыг ч боловсруулсан байх юм.

Татварын хуулийн өөрчлөлтийг онцгойлон тодотгож олон төрлийн татвар нэмэх болон шинээр авахаар тусгажээ.

ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НЭМНЭ

Нялх балчруудаас эхэлсэн хэмнэлтийн бодлого өндөр настнуудыг ч тойрсонгүй. Насаараа үр хүүхэд, хойч ирээдүйнхээ төлөө зүтгэчхээд өтөл насандаа үр шимийг нь хүртэх боломжийг ахмадуудаас булаасан айхавтар хатуу хэмнэлтийн бодлогыг энэ удаа илүүтэй онцолмоор байна. Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах төсөлд дурдахдаа “Тэтгэврийн даатгалын санг алдагдалгүй ажиллуулахын тулд зөвхөн орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэж тооцвол шимтгэл төлж буй одоогийн хувь хэмжээг нийт 10-12 орчим пунктээр нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол байна. Иймд шимтгэл тооцох хувь хэмжээг нэмэгдүүлснээр ажил олгогч болон иргэдэд очих дарамтыг бууруулах үүднээс тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, зарлага нэмэгдүүлэхээр гарсан бусад шийдвэрийг хүчингүй болгох замаар зардлын ачааллыг мөн давхар бууруулах зайлгүй шаардлагатай байна. Иймд шимтгэл тооцох хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд тус тус 9.5 хувь болгох, уг шилжилтийг 2017-2018 онд 1 хувь, 2019 онд 0.5 пунктээр нэмэгдүүлэхээр тус тус тооцож, хуулийн төслийг боловсруулав” хэмээн тодотгожээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр хуулиар иргэд сарын цалингийнхаа долоон хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг тэтгэврийн санд төвлөрүүлдэг. Ажил олгогч мөн төдий хэмжээний шимтгэлийг ажиллагсдынхаа тоогоор төлнө. Тэгж төлсөн шимтгэлээ өтөл насандаа эргүүлэн тэтгэвэр болгон авдаг. Тэтгэврийн даатгалын хувь хэмжээг өсгөснөөр ирээдүйд хэрэглэх мөнгөний хэмжээ нь өсч буй мэт харагдах хэдий ч ажиллагсад төлсөн хэмжээгээрээ тэтгэвэр авч чадаж буй эсэх нь эргэлзээтэй. Их төлснийхөө хэрээр их тэтгэвэр авч, илүү хангамж эдэлдэг шударга тогтолцоо манай улсад хараахан бүрэлдээгүй байна. Насаараа хөдөлмөрлөж үзээгүй, Нийгмийн даатгалын санд нэг ч төгрөг хандивлаагүй хүмүүс эв санааны нэгдэл гэх эртний нэр томъёон дор нуруугаа бөгтийж, хуруугаа мойног болтол ажиллагсадтай эгээ ижил тэтгэвэр хүртэх нь даанч шударга биш.

ҮХТЭЛЭЭ ХӨДӨЛМӨРЛӨХ ҮҮРЭГ

Нөгөөтэйгүүр төсвийн тодотголд анхаарал татахуйц нэгэн заалт оруулсан тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тухай юм. Хүн амын дундаж наслалт өсч байгаатай уялдуулан тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж төсвийн хүрээний мэдэгдэлд дурджээ. Хэдийгээр тодорхой нас заагаагүй ч тэтгэвэр тогтоолгох насыг одоогийнхоос нэмнэ гэдгээ тов тодорхой мэдэгдэв. Тэтгэврийн насыг нэмэх тухай яриа уг нь шинэ зүйл биш. Урьд нь Ардчилсан намыг засаглаж байх үед ч хөндөгдөж, тухайн үеийн цөөнх МАН-ынхан ихээхэн эсэргүүцэж байсан билээ.

ҮСХ-ноос хамгийн сүүлд буюу 2013 онд гаргасан тооцооллоор манай улсын хүн амын дундаж наслалт 69.1, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75, эрчүүдийн дундаж наслалт 65.4 байгаа ажээ. Одоогийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 6.8 хувийг ахмад настнууд гэнэ. Харин 2025-2030 оны үеэс эхлэн Монгол Улсын хүн амд ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ. Учир нь хүн амын огцом өсөлтийн үе буюу 1970-аад оныхон тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байгаа гэнэ. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өсчээ. Ийнхүү хурдацтай өсч буй ахмад настнуудад олгох тэтгэвэр тэтгэмжийн зардлыг бууруулах гэж тэтгэврийн насыг нэмэхээр тооцоолсон нь “Үхтэлээ хөдөлмөрлө” гэсэн харгис шийдэл болох нь. Манай улсын хувьд эрэгтэйчүүдийн дундаж наслалт ердөө 65.4 байгаагийн дээр жамаасаа эрт одогсод нь голчлон хүнд, хортой нөхцөлд ажил хөдөлмөр эрхэлсэн хүмүүс байдаг. Монгол Улсын хүн амын 61 хувийг хөдөлмөрийн насныхан эзэлж, “Хүн амын цонх” нээгдсэн ийм цаг үед тэтгэврийн насыг нэмэх тухай хөндөж байгаа нь тун чиг зохимжгүй гэдгийг судлаачид онцолсон байдаг. Хөдөлмөрийн бүтээмж нь алдарсан хэрнээ тэтгэвэрт гарах насаа хүлээсэн ахмадууд аль ч байгууллага, компани, аж ахуйн нэгжид сандал суудал бөглөн сууж байдаг. Тэднийг тэтгэвэрт нь суулгаж, гудамжаар нэг ажил хайж яваа залуучуудаа ажлын байраар хангахын оронд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тухай хөндөж байгаа нь Тэтгэврийн даатгалын сан хөмрөг нэлээд дундарч дээ гэсэн хардлагыг төрүүлж буй юм.

ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО

30-40 жил тасралтгүй ажил хөдөлмөр эрхлээд нэг ч төгрөгийн тэтгэвэр авч амжилгүй хорвоог орхисон олон мянган хүн бий. Тэдний төлсөн тэтгэврийн даатгалын мөнгө биеийн амрыг харж, залхуурч суусан нэгний тэтгэвэр болон хувирдаг нь даанч гомдолтой. Адаглаад үр хүүхдүүдэд нь, үгүйдээ өнчрөөд хоцорсон хань ижилд нь нийгмийн даатгал нь өвлөгдөн очвол ахмад настнуудын нийгмийн асуудал шийдэгдэх юм. Төлсөн шимтгэлийг бүхлээр нь өвлүүлэх боломжгүй ч өөд болсон ханийх нь тэтгэврийг үлдэж хоцорсонд нь олгож байхаар Хамтын тэтгэврийн хуулийг 2015 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр баталсан байдаг. Гэвч Мэргэжлийн засгийн газраас тэрхүү хуулийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө хүчингүй болгох санал боловсруулаад байна. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд жилд 53.3-75.6 тэрбум төгрөгөөр тэтгэврийн сангийн зардал нэмэгдэж, алдагдал мөн хэмжээгээр нэмэгдэхээр байна гэж гүйцэтгэх засаглалынхан учирлажээ. Тиймээс хямралын үеийн хүндрэлийг хөгшчүүл ч мөн үүрэлцэх ёстой гэж үзсэн бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж