УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд нээлттэй хуралдлаа. Бүлгээр хэлэлцсэн эхний асуудал бол Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг эргүүлэн татах асуудал байлаа.
Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үед АН-ын бүлэг тав хоног завсарлага авах хүсэлт гаргасан боловч цаг хугацааны асуудалтай байгаа тул нэг хоногийн завсарлага өгсөн юм. Завсарлагын хугацаа дууссан боловч АН-ын бүлэг баасан гаригт /2016.08.26/ хуралдах бүлгийн хурал дээрээ Хууль зүй дотоод хэргийн сайдаас мэдээлэл сонсож байж шийдвэр гаргана гэж Хууль зүйн байнгын хорооны хурлыг цуцлуулсан.
Харин өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт АН-ын бүлгийн хурал дээр орж ирж мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Энэ хууль батлагдаад хоёр хоногийн дараа хэрэгжээд эхлэхэд 40 мянган хүнийг сургах, 70 орчим журам заавар батлах, ШШГЕГ-т 90 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга барих, ШШГЕГ-т 1500 хүний ажлын байр бий болгох шаардлагатай болчихоод байгаа юм. Эдгээр ажлыг хоёр хоногийн дотор хийх боломж байхгүй. Тиймээс уг хуулийг хойшлуулах шалтгааны талаар энэхүү мэдээллийг хийж байна” гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тайлбарыг сонсоод УИХ-ын Л.Болд өөрийн саналыг хэлсэн юм. Тэрээр “Өнгөрсөн парламентад хийсэн хамгийн том шинэчлэлүүдийн нэг нь эрх зүйн салбарт хийгдсэн. Гэтэл МАН-ын Засгийн газар байгуулагдаад өнгөрсөн 26 жилийн ололтоос ухрах гээд байна. Үүний цаана маш олон хүний эрх зөрчигдөж байгаад бид хамарсаж байна. Хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах үндэслэл нь бодитой биш. Энэ хууль хүчин төгөлдөр болоход хүн болгонд өгч байгаа ял өөрчлөгдөнө. Энэ олон шорон, хоригдол байх шаардлагагүй болно. Нэг хүнийг бүх насаар нь хулгайч хоригдол болгох ийм тогтолцоог биш иргэн бүрийг нийгэмшүүлдэг тогтолцоог бүрдүүлэхийн тулд эдгээр хуулийг хийсэн. Өөрөөр хэлбэл олон шорон барьж, харгалзагч авах шаардлага байхгүй” гэлээ.
АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Энэ хуулийн сурталчилгааг хийгээгүй тул хэрэгжих хугацааг хойшлуулна гэдэг тайлбарыг хууль зүйн сайд өглөө. Гэтэл өнгөрсөн парламентад байсан эмэгтэй гишүүд шаргал алчуур зүүгээд “гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх хуультай боллоо” гэж мэдэгдэж байсан. Эдгээр хуулийг хойшлуулснаар есдүгээр сарын 1-нээс эхлээд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүмүүсийн эрх зөрчигдөх гээд байна. Хүчирхийллийн дуудлага авсан цагдаа хамгийн түрүүнд тэр айлд очиж арга хэмжээ авдаг, хүүхэд хүчирхийлж байгаа мэдэгдээгүй бол хариуцлага хүлээдэг ийм хуультай болох байсан. Гэтэл хамарсалтай шалтгаанаар хойшлуулах гэж байна” гэлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр Хүний эрхийн хуульч М.Ичинноров тэргүүтэй хүний эрхийн төлөө ажилладаг хүмүүс ирж байр сууриа илэрхийлсэн. Тэд мөн ч хүний эрхийг хамгаалах том алхамаас ухралт хийж байгааг шүүмжилж байсан юм.
Ийнхүү АН-ын бүлгээр хэлэлцсэн эхний асуудал дуусч, бүлгийн хурал хаалттай горимд шилжлээ.
Харин үдээс хойш 14.00 цагт Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.