Шүүгчид одоогийн цалиндаа сэтгэл хангалуун байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2016.08.29-нд нийтлэгдсэн

Шүүгчид одоогийн цалиндаа сэтгэл хангалуун байгаа гэв

Улсын Их Хурлаас шүүхийн 2016 оны төсвийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багц 48.9 тэрбум, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн багц 3.4 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд энэ нь нэгдсэн төсвийн зарлагын 0.66 хувьтай тэнцэж байгаа ажээ. Ингэснээр шүүхийн 2016 оны төсөвт шүүгчийн цалингийн сан 21.5 тэрбум төгрөг буюу 41 хувийг эзэлж байгаа аж.

2016 оны улсын төсвийн тодотголоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багц 45.0 хувь, Улсын дээд шүүхийн багц 3.2 тэрбум төгрөг болох бөгөөд энэ нь нэгдсэн төсвийн зарлагын 0.46 хувьтай тэнцэх гэнэ. Ингэхдээ шүүгчдийн цалинг 61-63 хувь бууруулах ба цалингийн сангийн 3.2 тэрбумаар танахаар төлөвлөсөн байна.

Тиймээс шүүхийн төсөв, шүүгчийн цалинтай холбоотой асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар өнөөдөр /2016.08.29/ мэдээлэл хийлээ.

Тэрээр шүүгчдийн цалинг бууруулж байгаа нь Олон улсын жишиг болон Монгол Улсын үндсэн хуулийг зөрчиж буй гэдгийг онцлон хэлэв. Мөн “Төсвийн тодотголоор төсвийн урсгал зардлыг долоон хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн атлаа шүүгчийн цалинг 61-63 хувиар, шүүхийн төсвийн  урсгал зардлыг найман хувиар бууруулахаар тусгасан нь төрийн эрх мэдэл тэнцвэртэй байх зарчмыг зөрчиж, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг бусад эрх мэдлийн байгууллагаас дордуулахад хүргэнэ” гэв.

Энэ үеэр шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулах нь шударга ёсыг үнэгүйдүүлж, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулахаас гадна цалингийн зээлтэй шүүгчдийг банк, мөнгөний барьцаанд оруулах аюултайг хэлж байв. Энэ оны эхний байдлаар нийт шүүгчийн 98.5 хувь нь арилжааны банкинд 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй байгаагийн 72.9 хувь нь орон сууцны зээл, 22.8 хувь нь цалингийн зээл, 4.2 хувь нь хэрэглээний зээлтэй байгаа аж.

Хуульч, судлаач О.Мэндсайхан “Тухайн улсын нийт төсвөөс 2-5 хувийг шүүх байгууллагад зарцуулснаар хараат бус шүүх засаглалыг хөгжүүлдэг. Мөн шүүгчийн цалинг тогтоохдоо тухайн улсын дундаж цалинг 5-7 дахин үржүүлсэн цалинг шүүгч нартаа өгснөөр баталгааг хангана. Польш, Унгар зэрэг оронд шүүгчдийн цалинг 5-6 дахин нэмэгдүүлсэн байдаг. Манай орны шүүгчдийн дундаж цалин 844 мянган төгрөг. Үүнийг дөнгөж гурав дахин үржүүлсэнтэй тэнцэх цалинг авч байгаа. Одоо энийг хоёр дахин  болгон багасгах гэж байна” хэмээн ярилаа.

Мөн шүүгчдийг багшлах, эрдэм шинжилгээний ажил хийхээс өөр ажил эрхлэхийг хориглодог. Нэг шүүгч жилд дунджаар 100-130 хэрэг дээр ажилладаг учраас ажлын ачаалал ихтэйгээс  гадна цалингаас гадуур орлого олох боломжгүй гэдгийг дурдаж байлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчдийн зүгээс одоо байгаа цалинг 4-5 дахин нэмэгдүүлэх нь олон улсын жишигт нийцнэ гэсэн хэдий ч одоогийн цалиндаа сэтгэл хангалуун байгаа гэдгээ хэлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт “Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурал тогтооно” гэж хуульчилж, өнгөрсөн онд бүх шатны шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 2.700-3.300 мянган төгрөг байхаар тогтоожээ. Энэ удаагийн төсвийн тодотголоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргавал эрх бүхий байгууллагуудад гомдол гаргахаа мэдэгдлээ.

А.Цээсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж