Ирэх сарын 2-нд ОХУ-ын алдарт “Звери” хамтлаг Монголд анх удаа тоглолт хийх гэж байна. Тус хамтлагийн тоглолтын талаар “Шамк” энтертайнментийн ерөнхий менежер Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Тун удахгүй ОХУ-ын “Звери” хамтлагийн тоглолт Монголд болох гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил эхэлсэн үү?
-ОХУ болон Монгол улсын хооронд найрсаг дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан “Шамк” энтертаймент болон “Айст Монголиа” телевиз хамтран есдүгээр сарын 2-ны өдөр ОХУ-ын алдарт “Звери” хамтлагийг Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд урин тоглуулах гэж байна. Одоогийн байдлаар тоглолтын тайз засалтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд бэлтгэл ажил 80 хувьтай байна.
-“Звери” хамтлагийн тоглолтод зориулан дэлхийн хэмжээний тайз засалтыг хийж байгаа гэсэн үү?
-Тус хамтлагийн тоглолтын тайзыг өмнө нь Монголд засч байгаагүй шийдлээр засах бөгөөд хамгийн сүүлийн үеийн 500 гаруй гэрэл Төв цэнгэлдэхийг гэрэлтүүлнэ. Мөн амьд шоу тоглолт, цэвэр дуугаралт мэдрүүлэхийн тулд 200 гаруйг чанга яригчийг суурилуулахаар ажиллаж байна. Тайзны шийдлийг Монголын талаас “Шоутек” компани, Оросын талаас "Звери" хамтлагийн тоглолтын техникийн алба хариуцан ажиллаж байгаа.
-“Звери” хамтлагийнхан Монголд хэзээ ирэх вэ?
-Тус хамтлаг Монголд 9 дүгээр сарын 2-ны өглөө 07.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууна. Үүний дараагаар тэр өдрөө 14.00 цагт хэвлэлийн бага хуралд оролцож, 19.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолттой. Тоглолт дууссаны дараагийн өдөр ОХУ руу буцах юм.
-Зарим алдартай хамтлагууд Монголд тоглолт хийхдээ ганц, нэг уран бүтээл л дуулдаг гэж шүүмжлэх нь бий. “Звери” хамтлагийнхан хэчнээн уран бүтээл дуулах вэ?
-Тоглолтын эхний хэсэгт монголын “A-Sound”, “Lumino”, “ “Rec-On” хамтлагууд болон “Хар сарнай” хамтлагийн Амраа, реппер “Gee” нар уран бүтээлээ хүргэнэ. Харин хоёр дахь хэсгээс ОХУ-ын “Звери” хамтлаг өөрсдийн хит 17-20 дуугаа дуулах болно. Харин тоглолтын төгсгөл хэсэгт хамгийн нүсэр дуугаралт, гэрэлтүүлгийн гайхамшгийн дор шилдэг дижи Anna, BTB, Aгваан, Батболд нар электро хөгжмийн шоугаа үзүүлэх болно.
– “Звери” хамтлагийн тоглолтын тасалбар ямар үнэтэй байдаг вэ. Тасалбарын үнийн талаар сонирхуулахгүй юу?
– ОХУ-ын алдарт “Зюери” хамтлагийн тоглолтын тасалбар монгол мөнгөөр 50-100 төгрөгийн үнэтэй зарагддаг. Харин энэ удаагийн тоглолтоо “Звери” хамтлаг "Sings for Mazaalai" уриатайгаар мазаалайг хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготойгоор хийх гэж байна. Тийм учраас дэлхийн алдарт хамтлагийн тоглолтыг хамгийн хямд үнээр, дэргэдээс нь мэдрэхийг уриалж байна.
-“Звери” хамтлагийн тоглолтын тасалбар хэр борлуулалттай байна. Хэчнээн хүн үзнэ гэж төлөвлөсөн бэ?
-Төв цэнгэлдэх 16 мянган хүний суудалтай. Мөн зогсоогоор үзэх хүний тоог нийлээд 35-45 мянган хүн үзэх байх гэсэн төлөвлөгөөтэй байна. Тус хамтлагийн тоглолтын тасалбар маш эрэлттэй байгаа. “Звери” хамтлагийн тоглолтын тасалбар 10, 15, 200 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Тайзны хоёр талаар 10 мянган төгрөг, голоор болон бусад хэсгээр 15 мянган төгрөг, тусгай хэсэгт 200 мянган төгрөгөөр үзэх бөгөөд 100 хүний хязгаартай. Тоглолтын билетийг ticket.mn, “Миний сүлжээ” дэлгүүрүүдээр, Монголын үүрэн холбооны үндэсний оператор Жи-Мобайлын салбаруудаар, “Gandan live” болон лавлах 1900-1800,7000-2016 утсаар тасалбараа захиалж болно.
А.Сүрэн