Хуучирсан мэдээ: 2016.08.29-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС
Гарц хайх цаг

Улсын төсөв мөнгөгүй болсон талаар Сангийн сайд өнгөрсөн баасан гаригийн чуулганд хэллээ. Тиймээс төсвийн тодотголоор оюутны тэтгэлэг, хүүхдийн мөнгөнөөс эхлээд цалин хасч, орон тооны цомхотгол хийнэ гэдгээ мэдэгдлээ. Төрийн албан хаагчдыг 20 мянгаар нь цомхотгох тухай ярьж байна. Тэгсэн хэр нь нийгмийн даатгалаас эхлээд татварыг нэмэх хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж эхлүүлэв.

Mонгол Улсын 2016 оны төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заажээ. Ингэснээр төрийн албан хаагч байх эрхээ хасуулснаас өөрцгүй болно гэсэн үг. Ингээд зогсохгүй, Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүр мөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй гэсэн заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор тусгажээ. Энэ хуулийн төсөл батлагдвал цомхотголд орсон албан хаагчид гэнэт халагдсаны мөнгө олгохгүй болж таарч байна.

Нөгөө талдаа 2016-2020 он хүртэл Засгийн газрын үйл ажиллагааны болон МАН-ын мөрийн хөтөлбөрүүд бүгд бэлгэдлийн чанартай зүйл болон хувирлаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн баялагт тулгуурласан “Алт-2” хөтөлбөрөөс өөр эдийн засагт үр өгөөжөө өгөх томоохон төсөл алга. Хэд хэдэн боловсруулах үйлдвэрийг тусгасан ч тэдгээрийг байгуулж, ашиглалтад оруулах бус байгуулахыг “дэмжиж ажиллана” гэснээр цонхны цаанаас мөхөөлдөс долоолгохтой адил зүйл болон хувирав.

Засгийн газар өнөөдөр цомхотгож, танаж, өдөр хоногоо аргацаасан бодлого барьж буйг сөрөг хүчний зүгээс шүүмжилж байна.

Хэдийгээр Сангийн сайд эдийн засаг сайжирвал тэтгэлэг, хүүхдийн мөнгө зэргийг 2019 онд буцаан олгоно гэж буй ч сульдаатай эдийн засгаа тэнхрүүлж, мөнгөтэй болгох бодлого харагдсангүй. Ийм болохоор түүний дээрх үгийг 2020 онд зээл авч, сонгуулийн шоу болгон эргэн тараагаад сөхөрсөн эдийн засгаа хэвтэрт оруулах нь гэхээс өөр хэлэх үг алга.

Монголбанкны барьж буй бодлого ч эдийн засагт хортой тусна гэж эдийн засагчид эхнээсээ ярих болов. Бодлогын хүүг өсгөснөөр арилжааны банкууд зээлээ зогсоож, хүүгээ нэмсний дараа үргэлжлүүлэх тухай энд ярих болов.

Цомхотгож, цалинг бууруулж, татвар нэмснээр эдийн засагт дэм бус дарамт болох нь хэнд ч ойлгомжтой. Худалдан авалт буурна, дээр нь аж ахуйн нэгжүүд татвар нэмснээс үүдээд цомхотгол хийхээс өөр аргагүйд хүрнэ.

Тиймээс л аль болох томоохон төслүүдээ хөдөлгөж, билэгдлийн чанартай дэд сайдууд, улс төрийн албан тушаалуудаа үгүй болгож, эдийн засагт амь тариа болсон хөрөнгө оруулалтыг олж ирэх гэхчлэн гарцуудыг хийж байж хямралаас гарна. Түүнээс бүсээ чангалахыг уриалж, иргэдийг тансаг хэрэглээгээ зогсоож, хэмнэж сурахыг сургамжил гэж МАН-ыг олонх болгоогүйг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр өмнөхөө үгүйсгэж, тунирхаж, гомдоллох суух цаг биш.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж