36 жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлсэн гэж бодож байна

Хуучирсан мэдээ: 2016.08.26-нд нийтлэгдсэн

36 жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлсэн гэж бодож байна

Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадамд оролцсон Монголын Үндэсний шигшэ багийн бокс, чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр ирлээ. “Рио-2016” наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө Г.Мандахнаран Узбекистаны бөх Ихтиёр Наврузовд харамсалтайгаар ялагдсан.  

Г.Мандахнаран хэлэхдээ “Монгол түмнийхээ итгэлийг алдахгүй юмсан гэж өөртөө итгэлтэй барилдсан. Хэдийгээр хүрэл медаль болзол хангасан ч гэлээ шүүгчдийн луйвар энэ удаа надад тохиолоо. 36 жил тасраад байсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн гэж бодож байна. Монголын ард түмэн ингэж бодож байгаа гэдэгт итгэлтэй байна.” гэсэн юм.

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос Г.Мандахнаранд хүрэл медаль гардуулж өгөхөөр болсон.

Монголын тамирчид 1964 онд анх олимпийн наадамд оролцсон бөгөөд энэ удаагийн “Рио 2016” нь 13 дахь удаагийнх юм. Олимпийн медальтнуудаас жүдо бөхийн тамирчин Д.Сумъяа 25, боксын Д.Отгондалай 26 дахь тамирчин болсон. Монголын багийн анх оролцсон “Мехико 1968” олимпийн наадмаас чөлөөт бөхийн дөрвөн тамирчин медаль хүртэж, олимпийн медальтнуудын салхийг хагалж байжэээ. Тэгвэл энэ амжилт “Мюнхен 1972”, “Монреаль 1976”, “Москва 1980”-д үргэлжилсэн. “Рио 2016” олимпийн наадамд чөлөөт бөхийн тамирчдын хувьд 36 жил тасраад байсан медалийг буухиаг үргэлжлүүлэх томоохон зорилтыг тавин оролцсон. Риод зургаан тамирчин өрсөлдсөнөөс Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран ганцаараа хүрэл медалын төлөө барилдан харамсалтайгаар ялалтаа авч чадаагүй юм.

"Рио 2016" олимпийн наадмын сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 21-ний өдөр болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдааны үр дүн дэлхийн нийтийн анхаарлын төвд байсаар байна. Энэ жингийн эхний хүрэл медалийн төлөө Г.Мандахнаран, Узбекстаны Ихтиёр Наврузов нар барилдсан. Барилдаан дуусахад 15 секунд дутуу байхад Г.Мандахнаран 7-6-аар хожиж явсан юм. Гэтэл түүнийг цаг дуусах хүртэл илт зугтааж хамгаалсан гэдэг үүднээс торгуулийн 1 оноог өгсөн. Ингээд хүрэл медаль хүртчихлээ хэмээн баярласан Г.Мандахнаран медальгүй хоцорсон юм.

ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУД: /Чөлөөт бөх/

“Мехико 1968”

  • Хүрэл медаль – Ч.Дамдиншарав
  • Мөнгөн медаль – Ж.Мөнхбат
  • Хүрэл медаль – Д.Сэрээтэр
  • Хүрэл медаль – Т.Артаг

“МЮНХЕН 1972”

  • Мөнгөн медаль – Х.Баянмөнх

“МОНРЕАЛЬ 1976”

  • Мөнгөн медаль – З.Ойдов

“МОСКВА 1980”

  • Мөнгөн медаль – Ж.Даваажав
  • Хүрэл медаль – Д.Оюунболд

"ЛОНДОН 2012"

  • Хүрэл медаль – Б.Батцэцэг /эмэгтэй чөлөөт бөхийн анхны медаль/ тус тус хүртжээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж