Монголчуудыг
огшоодог баярлуулдаг баяр бол яалт ч үгүй наадам. Жил бүрийн наадмаар бид огшиж баярлаж, цэнгэдэг боловч бидний мэдэхгүй олон зүйлс энд бий. Нүүдлийн суурьшлын соёлын аль
алиныг сайн мэдэхгүй шинэ хотчуудын хувьд наадмаар заримдаа ойлгохгүй өнгөрдөг зүйлс ч бий. Бид өөрсдөө сайн мэдэхгүй байгаа наадам маань
гадныханд яаж төсөөлөгддөг бол гэж сониучирхан бодоод
тэдний өмнөөс өөрийгөө тавьж үзэхийг зорив. Ингээд Монгол
наадмыг сонирхсон гадны жуулчны хүүрнэлийг сонирхоно уу.
Дээр дор бөөн хүмүүс хүүхэд насандаа цаасан дээр элсны ширхгүүдийг тавиад доороос нь соронз гүйлгэн сонирхдог байсан шиг
хуйлран гүйлдэхийг харахад сонин. Ийм олон хүн яагаад ингэж нэгэн тийш гүйлдэнэ гээч. Монголчуудын
хамгийн хийморьтой иртэй хурд гэж билэгшээдэг соёолон морьдыг тосч гүйж байгаа нь. Тэд эрэмгий хурдан адгуусны хөлд гишгүүлэхээсээ ч эс айн морьдыг
даган бараг л өөрсдөө морьд мэт гүйлдэнэ. Саяхан хэдэн арван
км-т давхиад ирсэн морьдын хөлөрсөн биед гар хүргэж гэмээнэ тэд ирэх жилдээ
аз хийморьтой явна гэдэгтээ
итгэдэг. Яг л эртний хүмүүс ямар нэгэн утааны
анирыг үнэрлэх, эсвэл
ангуучилсан амьтныхаа амьд элгийг идэж гэмээнэ хийморьтой явна гэж итгэдэг шиг
ийн хошуурах нь нэг талын мухар сүсэг гэмээр. Хуйлрах хүмүүсийн давалгаа
хамгаалалтын малгай, богино долгионы станцаар зэвсэглэсэн цагдаагийнхны хамгаалалтыг даван сэтлэв. Хаа сайгүй цагдаагийнхны цахилгаан
бороохойны дуу чад чад хийнэ. Гэхдээ цахилгаан бороохойд өртсөн монголчууд ч эмзэглэж
байгаа юм алга. Цагдаагийнхан ч алба ажлаа гүйцэтгэж байгаагийнхаа хувьд цагдаагийнхаа эрх сүрийг үзүүлэх боловч хуйлрах дайрах
адилхан монголчууддаа ч илүү хатуурхахгүй байгаа бололтой. Илт хөөрөлхөн бусдыгаа өдөөх эсвэл архины халуунд
аархах онгиргон залуус руу цахилгаан бороохойгоо чиглүүлэх боловч тэднийгээ өвтгөхгүй гэмтээхгүйгээ мэдээд байгаа бололтой. Ямар ч гэсэн гадны хүнд үл ойлгогдох харин
монголчуудын хувьд дотоод сэтгэлгээгээрээ зохицуулагдах “харилцаа” энд байна.
Яг Энэтхэгт замын гэрлэн дохионд захирагдахгүй мөртлөө учраа олоод хөдөлгөөнөө зохицуулаад байдаг шиг.
Миний хувьд
хамгийн гол зорилго мухар сүсгийн маягтай хөөрөлд автсан хүмүүсийн урсгалаас аль болох
хурдхан зугатах байлаа. Гэвч санасныг бодоход энэ их амархан зүйл байлаа. Хүчтэйхэн хоёр гурав харайхад
л аймаар санагдсан тэр урсгалаас би мултарч чадав, бараг амьд гарч чадахгүй нь гэж айж байсан мөртлөө. Сонирхолтой нь энэ их
урсгалаас гарангуут зөндөө олон монголчууд
галзуу мэт түрхрэн байгаа тэр их хүнийг хажуухны товцгоос тайван харж зогсох юм. Тэд яг бид ойд зугаалан
суугаа мэт хүүхэд нялхастайгаа, майхан
сэлттэйгээ ойролцоох товцог болгон дээр суух. Хүүхдүүд тожигнон гүйлдэж, хөгшид нь эвхдэг сандал дээр
налайж, яагаад ч юм бэ энд бараг тэнгэрийн оддоос ч илүү харагддаг цаасан шувуу
нисгэн тоглож байсныг урьд өдрийн хязаалан насны уралдаанаас харж л байсан л даа. Гэхдээ яагаад тэд ийн олноороо
цугладгийг ойлгоход хэцүү. Намайг морьтнуудын үймээнээс айн ширвээтэж зогсох зуур тэд харин ч тааваараа хуучны оросын
дурангаар хэний ямар зүсний морьд түрүүлж эхлэхийг таамаглан зогсч байсан гэдгийг ерөнхийдөө таамаглаж байсан ч тэдний сэтгэлийн хөөрлийг өөрөөр хэлбэл, тэдний кайф-ийг төсөөлж ч чадахааргүйдээ гутармаар. Дөнгөж хөлд орж байгаа болов уу
гэмээр жоохон жаал хэнээр ч заалгаагүй мөртлөө “гүүг гүүг гүүргий гүүргий…” гэж хашгирах. Өмнөх буюу наадмын эхний өдөр /уг нь морьдын уралдаан
долдугаар сарын 10-нд эхэлсэн юм билээ л дээ, би өөрийнхөөрөө наадмын нээлт эхэлсэн өдрийг эхний өдөр гээд бодчихсон байсан юм/
би арай өндөрлөг газарт байрлаад
монголчуудын ойлгохыг
хичээсэн юм. Тэгсэн чинь хэлэхэд эвгүй ч гэсэн физиологийн нэг шаардлага гараад… /үүнийг юу гэдгийг бараг ойлгох
байх/ Физиологийн тэр шаардлагыг хангахын тулд би уртын урт дараалалд зогсов.
Монголын хамгийн хэцүү асуудал нь энэ. Хөдөөгүүр явахад хаашаа ч харсан
тэгш талд бүсгүй хүн яах билээ. Дээл нөмрөөд явган сууж болно гэдэг ч
би чадахгүй. Энэ удаа тэр хэцүү “ажил”-ыг хийвч гэсэн хаа сайгүй бөөн наадамчин байгаа болохоор яах ч аргагүй.
Тэгээд жорлон гэж
нэрлэсэн хоёр контейнейрийн гаднах урт дараалалд зөндөө зогслоо. Хоёр контейнейрийн нэг нь эмэгтэйчүүдийнх, нөгөө нь эрэгтэйчүүдийнх. Мэдээж хэрэг эмэгтэйчүүдийнх аймаар их урт. Зарим
нэг бүсгүйчүүд тэсгэл алдан эрэгтэйчүүдийн хэсэг рүү дайран орохыг эрмэлзэв. Та
нар бод доо. Гэнэт тэсгэл алдах /энэ бол зөвхөн илүүдлээ гадагшлуулах тухай асуудал шүү/ Над шиг тэвчээр муутай хүн монголчуудын өдөр болгон иддэг хуушуур
хэмээх маханд боосон гурилыг тосонд хайрсан нэг төрлийн түргэн хоолыг айраг хэмээх адууны сүүг эсгэсэн ундааг уучихсан
байхад хэдэн минут тэсэх билээ. Гэвч би нэг цаг тэссэн бөгөөд яг мөнөөх хүслэнт жорлонгийнхоо өмнө ирэнгүүтээ аймаар үнэрээс нь болоод орж чадаагүй. Хамраа даран огихгүйг хичээн гүйж байхад минь хурдан
морьдын уралдаан хэдийнэ
дуусчээ.
А.АНУ