Хуучирсан мэдээ: 2016.08.26-нд нийтлэгдсэн
Сайд нарын тал нь ХОМ-ээ гаргажээ
- Наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Засгийн газрын гишүүдийн 48.3 хувь нь л 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна. Иймээс Авлигатай тэмцэх газар Засгийн газрын гишүүн, дэд сайд нарт хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлж, хяналт тавин ажиллаж эхэлжээ.
- БОЯЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийг ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ нарыг томилсон байна. Томилолтын хугацаа нь дуусаж байгаатай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консулаар Б.Амарсанааг /Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан/ томилсон байна. Киргизийн Бишкек хотод суух Монгол Улсын Ерөнхий консулаар Т.Ганболдыг томилжээ.
- Монголын үйлдвэрчний эвлэлүүд 2016 оны төсвийн тодотголоор хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлуудыг хүрсэн түвшингээс дордуулсан Төсвийн тодотголын төслийг дахин боловсруулж хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Засгийн газраас шаардаж байна.
- Хууль зүйн байнгын хороо өчигдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөлийг ээлжит хуралдаанаар хэлэлцсэн боловч АН-ынхан завсарлага авлаа.
- “АН-ын ҮЗХ өчигдөр хуралдах байсан ч Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах болсон шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
- Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Авто замын газрын дарга Д.Нанзаддоржийг өчигдөр ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргалаа. Захирамжинд "Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталж, байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Доохүүгийн Нанзаддоржийг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Авто замын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй" гэсэн байна.
- Ардчилсан нам энэ ондоо багтаан их хуралдайгаа хийж, намын удирдлагуудаа нээлттэйгээр сонгох учиртай. Ингэж байж намын цаашдын бодлого, мөрийн хөтөлбөрүүдээ батлаад явах ёстой гэж Ардчилсан намын ууган гишүүд болон АН-ын нэгдсэн намуудын ахмадууд мэдэгдэж байна. Тэд АН-ын үндэсний зөвлөлдөх хороо яаралтай хуралдаж, намын үндсэн дүрэм, шинэ үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсгийг намын нийт ахмад, залуу гишүүд, улс төр судлаачдыг оролцуулж байгуулахыг шаардлаа.
- Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа. Гишүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Сангийн яамны Төрийн орлогын хэлтсийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалтнууд томилогдлоо. Харин хараат бус гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулах юм.