Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг байраар шагналаа

Хуучирсан мэдээ: 2016.08.29-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг байраар шагналаа

“Рио-2016” олимпийн наадамд амжилттай оролцсон Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон Хил хамгаалах Ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Хууль зүйн дотоод хэргийн яам, ХХЕГ хамтран Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмын Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдан мөнгөн медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяаг гурван өрөө байраар, боксын төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэн хүрэл медалийн эзэн болсон Доржнямбуугийн Отгондалайг хоёр өрөө байраар тус тус шагнаж, түлхүүрийг нь гардуулан өглөө. Дэслэгч Д.Отгондалайн тухайд ХХЕГ-ын Хилчин спортын хороогоор овоглоод найман жилийг ардаа үджээ. Тэрбээр Ази тив, дэлхийн аварга, олимп гээд оролцох тэмцээн бүрт нь дэмжин оролцдог хилчин хамт олондоо үргэлж талархдагаа илэрхийлж, 2017 онд ХБНГУ-д болох сонирхогчийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон өмнө нь авч чадаагүй медалиа хүртэж, дахин Хилчин спорт хорооныхоо, Монгол Улсынхаа нэр, төрийн далбааг өндөрт өргөнө гэдгээ амлалаа. Хэдэн жилийн дараа Д.Отгондалай зодог тайлах болбол ХХЕГ-таа ажиллах хүсэлтэй байдгаа хэлсэн юм.

ХХЕГ-ын харъяа "Хилчин" спорт хорооноос "Рио 2016" олимпын наадамд зургаан тамирчин оролцсоноос Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн ДАШТ-ий хүрэл медальт, Самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга МУГТ Доржсүрэнгийн Сумъяа Риогийн дэвжээнээс мөнгөн медаль хүртсэн билээ. Хорвоод мэндлэхдээ л хилтэй холбогдсон Д.Сумъяа “Хилчин” спорт хороогоор овоглоод зургаан жил болж байгаа юм.

Хил хамгаалах байгууллага олимпийн наадамд оролцох баг тамирчдаа дэмжих зорилгоор Монголын үндэсний олимпийн хороотой хамтран “Дархан хил Рио-2016” аяныг зохион байгуулж, олимпийн галт бамбарыг Монгол Улсын хилийн дагуу эх орны наран ургах зүүн өмнөд хязгаараас нар зөв өртөөлөн хилийн отряд, застав, харуул бүрээр аялуулж, байгалийн агуу хүч шингээж мянга мянган хилчдийн уухайн түрлэгийг нэмж ашдын билэгт ерөөл өргөсөн хэмээн салбарын сайд нь билэгшээн ярилаа.

Монгол Улсын 14 аймаг, 70 гаруй сумын нутгаар олимпийн бамбар аялаж, нийт 340 гаруй спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулсан байдаг. Зохиогдсон тэмцээн уралдаанд ойролцоогоор 15 мянга орчим энгийн иргэд оролцжээ. “Рио 2016 Олимпийн бамбар дархан хилд” аян Монголын олимпийн түүхэнд нэгэн шинэ түүх болоод зогсоогүй, олимпизмийг сурталчлах томоохон ажил болсон гэж ойлгож болно хэмээн ХХЕГ-ын удирдлагууд тайлбарлаж байсан юм.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж