Хормойгоо дэрвүүлсэн дэгжин цагаан даашинзтай Мэрилин Монрогийн аварга том хөшөөний нээлт өчигдөр боллоо. АНУ-ын Чикаго хотын Мичиганы өргөн чөлөөнд “Мөнхийн Мэрилин” нэртэй хөшөө сүндэрлэжээ. Киноны дэлгэцэнд жүжигчин бүсгүйн залуу насыг мөнхлөн үлдээсэн энэ зогсолт ийнхүү хөшөөнд мөнхрөв.
Хормойг нь арай доош буулган хөшөөг хийх байсан юм хэмээн шүүмжлэх хандлага байна. Хөшөөний доор зогссон хэн боловч Монро цагаан өнгийн дотуур өмд өмссөн байгааг харах болно. Олон жилийн турш хүмүүсийн толгойд эргэлдсэн асуултад хариулт өглөө хэмээн Америкийн хэвлэлүүд бичиж байна. “Киноны дэлгэцэнд хормой дэрвэх тэрхэн агшинд хүн бүр Мэрилин Монрог дотуур өмдтэй байгаа болов уу, үгүй болов уу гэж боддог байсан нь нууц биш” гэж хөшөөний нээлтэд ирсэн 42 настай Трэли Фрийли гэдэг эрхэм ярив.
Дашрамд сонирхуулахад хөшөөнд мөнхөрсөн энэ даашинз өнгөрсөн сард дуудлага худалдаагаар 4.6 сая ам.доллараар зарагдсан билээ.