Хуучирсан мэдээ: 2016.08.31-нд нийтлэгдсэн
МЧБХ арбитрын шүүхэд хандана
- Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос ирүүлсэн нууцын зэрэглэлийн бичгийн дагуу МЧБХ есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө албан хүсэлтээ илгээх учиртай. Тиймээс тус холбооны Удирдах зөвлөл хоёр удаа хуралдаж Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааны талаар арбитрын шүүхэд хандах ажлыг холбогдох албан тушаалд даалгажээ. Харин Олимпын наадмын дэвжээн дээр гарч зохисгүй үйлдэл гаргасан хоёр багшийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилээр хасах буюу онцгой тохиолдолд олон улсын тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн баг албан ёсоор ард түмнээсээ уучлалт гуйлаа хэмээн өчигдөр мэдэгдлээ.
- УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг таван хуулийг буцаах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.
- Бразилын Рио-де-Жанейро хотноо Зуны Паралимпийн XV наадам 2016 оны есдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 173 орны баг тамирчид спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм. "Рио 2016" паралимпийн наадамд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав тэргүүтэй найман тамирчин өрсөлдөнө.
- ОХУ, БНХАУ-ын хоорондын худалдааны тээвэр удаан хугацаанд их хэмжээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бүрт түүнээс олох орлого нэмэгдэнэ. Одоогоор 2-3 сая тонны ачаа тээвэрлэж, 10-20 сая ам.долларын ашиг олох тухай яригдаж буй ч 2017 оноос эхлэн ОХУ-аас БНХАУ руу, БНХАУ-аас ОХУ руу тээвэрлэгдэх ачааны хэмжээ 10 сая тоннд хүрч, орлого нь 50-60 сая доллараар хэмжигдэх юм. Гэхдээ ОХУ-ын тал шатахуун, түлшид ногдуулах татвар буурахгүй бол транзит тээврээс олох орлого өсөхгүй, шууд татварт явна. Ингэхээр транзит тээврийн хэмжээг нэмэх шаардлагагүй гэж үзжээ.
- Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас долоон дүүргийн 43 сургууль, хоёр цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэдэг нийт 103 автобусад техникийн шалгалт хийлээ. Шалгалтаар нийт 103 автобусын 63 нь 10-аас дээш жилийн насжилттай дахин хүүхэд зөөхөд ашиглах боломжгүй нь илэрсэн байна. Үлдсэн 40 автобус нь насжилт нь дуусаагүй ч жолооч нь мэргэшээгүй, сургууль, цэцэрлэгийн логогоо стандартын дагуу наагаагүй болоод нөөц дугуй, эмийн сан, галын хор, ослын тэмдэггүй байжээ. Иймээс мэргэжлийн байгууллагууд дахин хүүхдийн автобусад хяналт тавьж, нэг бүрчлэн шалгахаар боллоо.
- Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрээс сэргийлэх, гарсан тохиолд галыг гарз хохирол багатай унтраах үүднээс зориулалтын шинэ машинаар парк шинэчлэл хийжээ. ОБЕГ-аас “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл” боловсруулан 2015 онд БНХАУ-ын Засгийн газарт өргөн барьсан. Төслийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ой хээрийн түймэр унтраах 6 автомашин болон 2430 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр хүлээлгэн өгчээ.
- Оюутолгой компани гэхэд гэрээнд заасны дагуу цаашдаа эрчим хүчээ Монгол Улсаас худалдаж авах ёстой. Энэ чиглэлд манай Засгийн газар тодорхой төсөл хэрэгжүүлнэ. Бас далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын стандарт шаардлагад нийцсэн цементийг дотооддоо үйлдвэрлэж нийлүүлэхээр манай хувийн хэвшлийнхэн ажиллаж байна. Цаашдаа дотоодын худалдан авалтыг 100 хувьд хүргэх хэрэгтэй гэж үзэж байгаа хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Рио Тинто” группийн Зэс, алмаазын ахлах албан тушаалтан Арнауд Соират тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзахдаа илэрхийлжээ.