Сингапурт 150 орчим монголчууд бий

Хуучирсан мэдээ: 2016.08.31-нд нийтлэгдсэн

Сингапурт 150 орчим монголчууд бий

Сингапур улсад Зика вирусын анхны тохиолдол 2016 оны тавдугаар сард бүртгэгдсэн байдаг. Өвчтөнийг эмнэлэгт хүргэгдсэн даруйд шаардлагатай эмчилгээг хийж, халдваргүй болсон хэмээн үзсэнээр энэ асуудал түр хугацаанд намжсан байна.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт уг вирус дотоодод халдварлагдсан нь тогтоогдож, тус улсын Эрүүл мэндийн яам, Хүрээлэн буй орчны агентлаг хамтран халдвар гарсан Алжунед Кресент, Симс Драйв, Жүү Чиат Плейс,Лоронг 101 Чанги Роүд гудамжуудад байрлах өрхийн эмнэлэгүүд, оршин суугчдад шалгалт явуулахад өчигдийн байдлаар зика вирусын нийт 56 тохиолдол илрээд байна.

Тиймээс тус улсын Эрүүл мэндийн яамнаас иргэдэд зориулсан зөвлөмж гаргаж, Сингапурын зүүн хэсэгт байрлах оршин суугчдын дунд үзлэг, шинжилгээ явуулж, өрхийн эмнэлгүүдэд ойрын хугацаанд зика вирусын төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулж, дахин шинжилгээнд хамруулж эхлэнэ. Мөн Хүрээлэн буй орчны газраас тус улсын зүүн хэсгийн 6000 гаруй орон сууцанд шумуулын устгал явуулж, гудамж талбайд утаа тавих зэрэг арга хэмжээнүүдийг авч байна.

Сингапур улсад 150 орчим монгол иргэн оршин суудаг бөгөөд вирусын халдвар дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсаас Бүгд найрамдах Сингапур Улсад суугаа элчин сайдын яамнаас зика вирусын эсрэг зөвлөмжийг бэлтгэж цахим хуудсанд байрлуулаад байна. Түүнчлэн Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас иргэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур улсад зорчихгүй байх, иргэд зорчихдоо шумууланд хазуулахаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж эхлэсэн байна.

Э.СОСОРБУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж