АНУ-ын Засгийн газрын дэргэдэх Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагаас /EPA/ өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд агаарын чанарын тухай шинэ дүрмийг боловсруулан гаргажээ. Шинэ дүрмийн үндсэн шаардлага нь нүүрсний цахилгаан станцуудын мөнгөн усны ялгарлын хэмжээг даруй 91 хувиар бууруулах тухай заалт юм. Түүнчлэн агаарт ялгаруулах азот болон хүхрийн хүчлийн хий, үнс зэргийн зөвшөөрөгдөх хэмжээг өөрчлөн багасгасан байна.
“Bernstein” судалгааны байгууллагын шинжээч хэлэхдээ “EPA-ын дүрмийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр 2015 он гэхэд АНУ-ын нүүрсний цахилгаан станцуудын 15-20 хувь нь хаагдах болно” гэжээ. Нүүрсний цахилгаан станцуудад агаарт ялгаруулах хорт бодисын агууламжийг бууруулах төхөөрөмж суурилуулах нь нэлээд өндөр зардалтай болж буй ажээ. Хорт хийн ялгаруулалтын түвшинг бууруулах технологи нь мөнгөн ус төдийгүй хүнцэл, хром, никель, хүчлийн хийнүүдийг агаарт дэгдэхээс нь өмнө ангилан ялгах үүрэгтэй байх юм.
ДЦС-ын салбарт улсдаа хамгийн томд тооцогддог “Аmerican Electric Power” /AEP/ компанийн захирал Моррис өнгөрсөн сарын эхээр нүүрсний цахилгаан үйлдвэрлэлээ 25 хувиар бууруулахаар болсноо мэдэгдсэн байна. Тус компани 2014 он гэхэд нийтдээ 6000 МВт-тай тэнцэхүйц ДЦС-уудаа хаахаар эцэслэн шийдвэрлэжээ. Үүний хамт 10 мянган МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий бусад нүүрсний станцууддаа ялгарлыг бууруулах төхөөрөмж суурилуулахаар тогтсон байна. Мөн 1070 МВт-ын хүчин чадал бүхий нүүрсний генераторыг 932 МВт-ын хийн төрөлд шилжүүлж, 1220 МВт-ын хийн станц шинээр байгуулахаар төлөвлөгөөндөө тусгажээ. Гэхдээ AEP шинэ дүрэмд эерэг хандлагатай байгаа бөгөөд үйл ажиллагаагаа илүү ногоон болгосноор тус компанийн цахилгаан үйлдвэрлэлийн түвшин гурав дахин өргөжинө гэж үзэж буйгаа онцлон мэдэгджээ. Тус компани энэ бүх шинэчлэлд дор хаяж 8 тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй байна.
Салбарын судалгаагаар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг EPA-ын шинэ дүрмийн үйлчлэлээр АНУ-ын нүүрсний цахилгаан үйлдвэрлэл 30-70 мянган МВт-аар хумигдахаар байна. Үүнд ойрын хугацаанд хаагдах Duke Energy, Dominion Resources, Progress Energy, the Tennessee Valley Authority гээд олон байгууллагыг нэрлэж болно.
Одоогоор АНУ-ын эрчим хүчний 50 хувийг нүүрс, 20 хувийг цөмийн болон хийн салбар эзэлж байгаа юм. EPA-ын захирагч Лиса Жексон “Хорт хийн ялгарлын хэмжээг бууруулах технологийн тусламжтайгаар бид хайртай үр хүүхдүүд, дотны хүмүүсээ хамгаалах оновчтой алхам хийх боломж бүрдэх юм. Ийм арга хэмжээ авснаар жил бүр цагаасаа өмнөх үхлийн тохиолдлыг 17 мянгаар, зүрхний шигдээсийн улмаас нас барж буй хэмжээг 11 мянгаар цөөрүүлэх болно” гэжээ. Конгресст суудалтай Бүгд найрамдахчууд “эдийн засгийг сулруулна” гээд энэхүү ялгарлыг эрчимтэй бууруулах шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаа юм.
Нүүрст түшиглэсэн цахилгааны салбарт ногоон технологи суурилуулах нь харьцангуй өндөр өртөгтэй учир уг салбарын бүтээмж тодорхой хувиар суларч, цөмийн болон хийн цахилгаан станц хүрээгээ тэлэх нь тодорхой гэж ажиглагчид үзэж байна. Бас улам чангарсаар буй эрчим хүчний нүүрсний зах зээл ч суларч мэдэх юм. Ямартай ч хамгийн тодорхой зүйл гэвэл, АНУ-ын нүүрсний салбарт ногоон хувьсгал хурдацтай өрнөж эхэллээ.
Б.Төгс