ДАРГА НАРЫН ЦАЛИНГ 30 ХУВЬ БУУРУУЛСНААР 557 САЯ ТӨГРӨГ ХЭМНЭНЭ
-Хямарсан эдийн засгаа аврах Засгийн газрын дэвшүүлсэн аргын нэг нь хоёр сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэнээс авах Хувь хүний орлогын албан татварыг 25 хувьд хүргэх. Сангийн сайдын тооцооллоор нийт иргэдийн хоёр хувь нь буюу өндөр цалин авдаг хүмүүс дээрх татварыг төлнө. Гэвч сайдын тооцоо бодит амьдралтай нийцэхгүй гэдгийг уурхайчин, инженерүүд тайлбарлалаа. Тэд ХХОАТ-ын хэмжээг 25 хувь болговол өндөр албан тушаалтнууд өөрсдөө цалингийн орлогоо өөр хэлбэрээр авч, энэ хууль зөвхөн жирийн ажилчдад л үйлчилнэ гэж үзэж байна.
-Сангийн яамнаас өргөн барьж буй төслөөр бол 2,5 сая төгрөгийн цалинтай иргэдээс 25 хувийн татвар авах, архи тамхины татварыг 20 хувь нэмэгдүүлэх, төрийн захиргааны удирдах түвшний албан хаагчид гэдэг нь аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, яам, агентлагийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтан буюу ТЗ-8 ба түүнээс дээш, мөн АА-6 ба түүнээс дээш цалингийн шатлал, зэрэглэлээр цалинждаг албан тушаалтнуудын сарын цалинг 20 хувиар бууруулах, төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулах тухай тусгасан. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтан гэх 256 албан хаагчийн цалинг ирэх сарын 1-нээс 30 хувь бууруулснаар 557 сая төгрөг хэмнэх юм байна.
-2013 оны НИТХ-ын тогтоолоор нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийг байгуулж Хот тохижилтын газар, Улаанбаатар зам арчлалт, Усны барилга байгууламж НӨҮГазруудыг татан буулгасан. Ингэхдээ нэг чиг үүрэгтэй олон байгууллага ногоон байгууламж, зам арчлалт, тохижилтын ажлыг тус тусдаа гүйцэтгэдэг, байгууллагуудын эдийн засгийн чадавхи сул, ихээхэн өр авлагтай байсан зэргээс шалтгаалан нэтгэх шийдвэр гаргаж байсан. Харин өнөөдөр тус нэгтгэл нүсэр бүтэцтэй, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт менежмент хийж чадахгүй, өр төлбөр нь өссөн учраас өөрчлөн зохион байгуулж, татан буулгахаар болжээ.
-Байгаль орчны иргэний зөвлөлөөс хэдэн тооны Арабууд Хөвсгөл аймагт отог байгуулан байрлаж, шонхор шувууг нууцаар барьж, хууль бусаар жороо тоодог, аргалийн хонь, хар сүүлт зэрэг нэн ховор амьтдыг агнаж эхэлсэн тухай өчигдөр /2016.08.31/ мэдэгдлээ.
– Улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогыг явуулдаг байна. Энэ удаагийн тооллого нь зургаа дахь удаагийнх бөгөөд нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой 733 байгууллага хамрагджээ. Улмаар НИТХ-ын Тэргүүлэгчдээс нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнг нийт 1 их наяд 229,3 тэрбум төгрөгөөр баталгаажуулан тогтоол гаргажээ.
-Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Ранднаасэд, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нар өчигдөр мэдээлэл хийсэн.Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсантай холбоотойгоор дагалдах таван хуулийг хууль санаачлагчид буцаасан. Буцаагдсан таван хуулийн нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль юм. Гэхдээ Хууль зүйн дотоод хэргийн сайд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж байна. Иймд хүчирхийллийг зохицуулдаг сул зохицуулалтыг чангатгах шаардлага байна. Хууль санаачлагч нь Засгийн газар байхаар Ерөнхийлөгчийн тамгын газрынхантай санал солилцоод байж байна. Өнөөдөр Засгийн газрын хурлаар энэ хуулийг хэрхэн яаралтай батлуулах талаар танилцуулга хийнэ. Ингээд үүрэг чиглэл гарах юм бол ойрын үед УИХ-д өргөн барьж, батлуулах тал дээр анхаарна. Хэрэв амжвал ээлжит бус чуулганаар хэлэлцэж батална. Амжихгүй бол дараагийн чуулганаар оруулж хэлэлцээд яаралтай хэрэгжүүлэх талаас нь ажиллана гэж мэдэгдсэн байна.
–Сум дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болох бөгөөд санал хураалтыг автоматжуулсан системээр тоолно. Бэлтгэл ажилд шаардлагатай 13,9 тэрбум төгрөгийг УИХ–ын ээлжит /2016.08.30/ хуралдаанаар баталжээ.
-Сингапур улсад 150 орчим монгол иргэн оршин суудаг бөгөөд Зика вирусын халдвар тус улсад дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсаас Бүгд найрамдах Сингапур Улсад суугаа элчин сайдын яамнаас монгол иргэддээ вирусын халдвараас хол байхыг анхааруулж байна. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур улсад зорчихгүй байх, иргэд зорчихдоо шумууланд хазуулахаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг ГХЯ мэдэгдлээ.