Хуучирсан мэдээ: 2011.07.15-нд нийтлэгдсэн

Энэ жилийн наадмын өнгө үзэмжийг тодорхойлогч нь чухамдаа манай улстөрчид болсон гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Ерөнхийлөгчийн өмссөн шүрэн товчтой шаргал магнаг дээл, эхнэртэйгээ өнгө ижилсүүлсэн Ерөнхий сайдын цагаан шаргал тэрлэг, Сангийн сайд С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёрын хосолсон усан цэнхэр эмжээр, товгор хээ, хазгай энгэртэй цагаан саарал дээл гээд өнгө загварын хувьд ёстой нэг явж өгсөн л дөө. Тэдний дотор УИХ-ын гишүүн, кёкүшюзан Д.Батбаяр, эхнэр Т.Баясгалантайгаа солонгорсон тод ногоон торгон дээлээр гангарсан нь шөнө гүйдэг “фосфорийн гэрэл шиг” содон. С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хувьд ч хэдий хийц сайтай, шинэ загвартай тансаг гоёл өмссөн ч гэлээ наадмын талбай дээр бол нэг л бишээ. Харин загварын тайзан дээр тодхон гэрэл дундуур алхуулсан бол тасархай харагдах байсан биз. Угаасаа ч тэр хоёрын хэв шинж нэг тиймэрхүү шүү дээ.

Энэ жилийн наадмын гоёлын өнгө төрхийг тодорхойлсон эрхэм гишүүдийн дотроос өнгө донж, зохицлоороо яах аргагүй ялгарсан нь УИХ-ын гишүүн Су.Батболд. Угаасаа уяач аавтай, морины бариа, цэнгэлдэхийн дэмжээ хоёрын хооронд жилийн жилд эргээд сурчихсан Су.Батболд гишүүний эв энгийн хийцтэй бор шаргал даавуу тэрлэг, шар дурдан бүс, ягаан бүслүүртэй хар шляп малгай л өөрт нь ч, орчинтойгоо ч хамгийн сайн зохицсон зөв сонголт харагдсан. Дээл өмсөхөд үнэ цэнэ, өнгө загвараасаа гадна бие галбир, алхаа гишгээндээ зохицуулсон, өөрөө ядахдаа өмсч сурсан байх гэж бас нэг том соёл байна аа, яах аргагүй. Уяач хүний хувьд Су.Батболд гишүүн харин үүнийг мэддэг бололтой.

Б.ГАЛ

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж