”Нийслэлд газар хөдлөхгүй байсан ч нурах эрсдэлтэй барилга олон бий”

Хуучирсан мэдээ: 2016.09.01-нд нийтлэгдсэн

”Нийслэлд газар хөдлөхгүй байсан ч нурах эрсдэлтэй барилга олон бий”

Шинжлэх ухааны академийн Одон орон, гео-физикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын секторын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Батсайхантай ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө Итали улсад газар хөдлөлт боллоо. Манай улсад ч гэсэн энэ аюул нүүрлэхийг үгүйсгэхгүй шүү дээ?

-Газар хөдлөлт нь хүн төрөлхтөнд шууд нөлөөлөхөөр аюул дагуулдаггүй. Хамгийн гол нь хүмүүсийн барьсан барилга, зам талбайд үертэй зүйрлэхүйц хэмжээний газар хөдлөхөд л барилга нурж, хүмүүст өөрт нь аюул учирдаг. Саяхан Итали улсад болсон газар хөдлөлтийн үеэр 300 гаруй хүн амь насаа алдсан гэсэн мэдээлэл байна. Цаана нь олдоогүй олон хүн байгаа гэсэн. Зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд Таван шар, Комбинат, 40 мянгатын хороолол зэрэг 1950-иад онд баригдсан хуучны барилгууд цөөнгүй бий. Эдгээрийг манай Засгийн Газраас анхаарах хэрэгтэй. Иргэд байшин барилгаа зөв зохистой ашиглаж, стандартын дагуу барьсан эсэхийг сайтар шалгах нь зүйтэй.

-Итали улс эртний барилга ихтэй улс шүү дээ. Газар хөдлөлтөд хуучны барилгууд ихээр өртсөн гэх мэдээлэл байсан?

-Итали улсын газар хөдлөлт тийм өндөр магнитудтай биш. Газар хөдлөлтийн голомтдоо есөн баллын газар хөдлөлт мэдрэгдсэн. Тэгэхдээ хийцээсээ хамаарч бүх барилгууд нурахгүй шүү дээ. Хэдэн зуун жил болсон хуучны сүмүүд ч нураагүй. Тэгэхээр орчин үеийн орон сууцны барилгаасаа арай илүү чанартай байсан нь харагдаж байна. Гэтэл манай Улаанбаатар хотод газар хөдлөхгүй байсан ч нурах аюултай барилгууд бий. Харин өнгөрсөн 10 жилд хуучны олон барилгуудыг нурааж, бүтэн карказ барилгуудыг барьж байгаа нь сайшаалтай. Хүрээлэнгээс 16-гаас дээш давхартай өндөр барилга барихад газар хөдлөлтийн нарийвчилсан үнэлгээг гаргаж өгдөг. Манай улсад 2008 оноос эхлэн маш олон өндөр барилгууд баригдаж эхэлсэн. Жил бүр 7-8 өндөр барилга нэмэгдэх болсон. Сүүлийн хоёр жил энэ тоо харьцангуй багасах хандлагатай болсон. 

-Харин сургууль, цэцэрлэгийн барилгууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй байдаг бол?

-Хамгийн чухал нь олон хүн цугларсан сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилга байдаг. Ялангуяа бага насны хүүхдүүд газар хөдлөлтийн үеэр бие даан барилгаас гарч чадахгүй. Ямарваа нэг зүйлийг өргөж ч чадахгүй шүү дээ. Тиймээс сургууль, цэцэрлэгийн барилгыг барихдаа илүү анхаарах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн барилга ихэвчлэн хоёр давхар байдаг. Гэтэл сүүлийн үед 2 давхар цэцэрлэгүүд гурван давхар өргөтгөлтэй болгож харагдах юм. Үүний тооцоог “Зөв боддог л байгаа даа” гэсэн бодол төрдөг. Монгол улсын төсөв бага байгаагаас өргөтгөл барьж болно. Гэхдээ түүнийг маш сайн, зөв тооцоолж, барих хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр л сэтгэлийн хөдлөлөөр барилга бариад байгаа юм шиг санагддаг.

-Манай орны хувьд хамгийн хүчтэй газар хөдлөлт хэзээ болсон бэ?

-Монгол улсын хувьд 1957 онд Говь-Алтай аймгийн газар хөдлөл хүчтэйд тооцогддог. Тухайн үед 8.0 магнитудын газар хөдлөл болсон. Азаар тэр үед нягтрал бага байсан. Улаанбаатарт гэхэд гурван давхар байшин хэдхэн байсан.

-Зарим иргэд газар хөдлөлтийн талаар ойлголт багатай байдаг. Магнитуд болон балл гэсэн хэмжүүрийн ялгааг тайлбарлаж өгөөч?

-Эрт дээр үеэс газар хөдлөлийг судлаачид судалсаар ирсэн. 1902 онд Италийн эрдэмтэн Меркалли газар хөдлөлтөөр байшин барилга яаж сүйрж буйг судалж, 12 баллын хэмжүүрийг анх гаргаж ирсэн түүхтэй. Балл нь хүний нүдэнд харагдаж, биед хэрхэн мэдэгдэж байгааг хэлдэг. Мөн барилга байшинд хэрхэн нөлөөлж байгааг хүний мэдрэмжээр дүгнэдэг. Газар хөдлөлтийн төвөөс холдох тусам барилга нурах эрсдэл, хүнд мэдрэгдэх нь багасч баллын утаг багасдаг. Харин 20 дугаар зууны эхнээс газар хөдлөлтийг хэмжих багаж бий болж эхэлсэн. Тухайн газар хөдлөлтийн голомтыг хаана болж байгааг багажаар тодорхойлсноор газар хөдлөлтийн голомтод чөлөөлөгдөж буйг энергийг тодорхойлдог болсон. Харин энэхүү газар хөдлөлтийн хүчийг магнитудаар илэрхийлдэг юм.

-Улаанбаатар хотыг газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд хамаардаг гэдэг. Энэ жилийн газар хөдлөлтийн давтамж хэр байна вэ?

Нийслэл хотод 0.5-2.5 магнитудын газар хөдлөлт сард 200-300 орчим давтамжтайгаар болж идэвхижсэн үе байдаг. 2004 оноос эхлэн газар хөдлөлтийн давтамж онцгойлон нэмэгдсэн. Жил жил харилцан адилгүй давтамжтай гардаг.  Жишээ нь 2012 оны 12 сард газар хөдлөлтийн идэвхжилт их байсан.  Газар хөдлөлтийн давтамж ихсэх тусам өндөр магнитудын газар хөдлөлт болох магадлалтай. Нийслэлийн орчимд Гүнжийн хагаралыг 2010 оноос эхлэн судалж байна. Энэ хэсгийг Улаанбаатарт газар хөдөлвөл нэлээн хүчтэй нөлөө үзүүлэхээр газар гэж тооцдог. Өнгөрсөн оны аравдугаар сард Гүнжийн ам буюу Монгол шилтгээнээс хойшоо 10-20 км-ын зайнд 4.4 магнитудын газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтийг Улаанбаатар хотын оршин суугчид бүгд мэдэрсэн. Хэрэв энэ голомтонд 5.3 магнитудын газар хөдлөлт болвол Нийслэл дэх барилгуудын ихэнх хувьд нь эвдрэл үүсэх магадлалтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж