УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг 71,4 хувийн саналаар дэмжлээ. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Хуралдааны явцад хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулахыг дэмжихгүй гэсэн байр суурьтай гишүүд үг хэлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Эрүүгийн хуулийг ирэх оны долдугаар сарын 1 гэж хойшлуулах санал орж ирж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлээд эхэлбэл яасан юм бэ? Ингэж болох уу?
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Өнөөдөр энэ парламентад туршлагатай хуульч олон байна. Та бүхэн гаргаж байгаа шийдвэрээ олон талаас нь эргэцүүлж бодоорой. Монгол Улсад хууль яг хүчин төгөлдөр болохоос цааш хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. УИХ-ын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн гээд гарчихсан хуулийг буцааж байгаа нь Монгол Улсад хууль дээдлэх, хууль сахиулах ажиллагаанд цэг тавьж байгаагийн илрэл.
Харин Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах саналтайгаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэллээ. Тэрээр,
-Эрүүгийн хууль хэрэгжиж эхлээд гэмт хэрэг хийсэн хүн компани дээр хариуцлага хүлээх хуулийн заалт бий. Энэ нь хариуцлагатай улс оронд байж болох ч манайд бол хэцүү. Дээр нь онц ноцтой хүн гүтгэхийг зөрчил гэж үзэх заалт орсон. Ингэснээр нийгэмд тогтворгүй байдал үүсэх магадлалтай. Иймд хэд хэдэн заалтыг өөрчилж байж хэрэгжүүлэхгүй бол шар сонин цэцэглэнэ. Бие биесээ ялааны алуураар алдаг болно.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
-Л.Болд гишүүн хүний эрхийг дордуулсан гэж яриад байна. харин ч хүний эрхийг дордуулсан заалт олон бий. Дээр нь шүүгчийн тоог нэмэгдүүлэх, хорих анги барих зэрэг нэмэгдэл зардал их гарна. Иймд бие биедээ гоё харагдах гэж хэрэлдээд байх хэрэггүй.
Ийнхүү Эрүүгийн хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах эсэхийг хэлэлцэхээр болж чуулганы хуралдаан үргэлжилж байна. Яг одоо .Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ийг Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулж хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Т.НОМИН