Хүчирхийллийн ялыг УИХ-аас нэхье!

Хуучирсан мэдээ: 2016.08.30-нд нийтлэгдсэн

Хүчирхийллийн ялыг УИХ-аас нэхье!

Төрийн бус байгууллагуудын нэгтгэн гаргасан судалгаагаар өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 90 гаруй эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алджээ. Жилд 15, сар тутам 1-2  эмэгтэй хайртай дотно хүмүүсийнхээ гарт амь үрэгдэж байгаа харамсалт мэдээтэй зэрэгцээд есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хойшилж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна. УИХ-ын гишүүд уг хуулийг хэрэгжүүлэхээс татгалзсан кноп дарж суух мөчид дахиад л нэг эмэгтэй цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзжээ.

Энэ сарын 8-ны өдөр Орхон аймагт багш бүсгүй нөхрийнхөө гарт амь үрэгджээ. Талийгаач бүсгүй багш  мэргэжлээрээ цөөнгүй жил  ажилласан, амиа алдахаасаа өмнө нялх хүүхдээ харан гэртээ байжээ. Тэрбээр удаа дараа нөхөртөө зодуулж байсан бөгөөд нөхөр нь хувийн машинаараа таксинд явдаг нэгэн аж. Эх сурвалжийн мэдээлснээр, хөөрхий бүсгүйг нөхөр нь бүтэн хоёр цагийн турш зодож байхад хэн ч туслаагүй байх юм. Хөрш зэргэлдээх хаалганд нь хадам ах нь гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд хэрэг явдал гарсны дараа “Нээх айхавтар удаан орилоогүй шүү дээ, хоёр цаг л орилсон байх” гэж мэдүүлжээ. Зодуурын улмаас талийгаач эмэгтэйн ходоод гэдэс нь гурван удаа тасарч, тархи нь цөмөрсний дээр элэг нь бяцарсан байжээ.

Ийм аюулт хэргээс урьдчилан сэргийлэх, нэг ч гэсэн эмэгтэйг, хүүхдийг хаалганы цаана нуугдсан гэмтний савраас аврах, хүчирхийлэл үйлдэгчдэд хатуухан сургамж болох хуулийн хэрэгжилт ирэх оны долдугаар сар хүртэл хойшилж мэдэх нь. Хэрэвзээ хууль есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлбэл хөөрхий бүсгүйг зодуураас авраагүй хадам ах ял зэм хүлээх байлаа. Ядаж л цагдаад дуудлага өгөх үүрэг хүчирхийлэгчийн хөрш зэргэлдээх хүмүүст ногдох байсан юм. Гэр бүлийн хүчирхийлэл эхнэр нөхрийн дундах маргаан төдий биш гэмт хэрэг хэмээн тооцогдохоор шинэ хуульд заасан. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үедээ хүний амийг санаатай хөнөөсөн, биед нь гэмтэл учруулсан бол хорих ял оноохоос гадна оногдуулах ялыг хүндрүүлэхээр хуульчлаад байгаа билээ.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх бөгөөд цагдаагийн алба хаагч хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг хүлээн авсан даруй таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар очихдоо тухайн айлд шууд нэвтрэх, хохирогчийг хамгаалах, аюулын зэргийн үнэлгээ хийх, хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хурааж авах, хохирогчид гэрээсээ хувцас, эм, хүүхдийн хичээлийн хэрэгслээ авахад нь туслах, баримт бичгийг нь хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулах зэрэг үүргийг хүлээхээр шинэ хуульд заагаад байгаа билээ.

Харамсалтай нь энэ бүх хуулийн зохицуулалтыг маргааш, нөгөөдрөөс хэрэгжүүлэхгүй нь. Хаалганы цаадах гэмт хэргийн золиос болон бүлтгэнэж суугаа олон олон хүүхэд, эмэгтэйчүүд хууль хэрэгжихийг тодорхойгүй хугацаагаар хүлээх болох нь. Учир нь эл хууль нь Эрүүгийн хууль болоод Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай нягт уялдаатайгаар хуульчлагдсан болохоор ирэх оны долдугаар сар хүртэл хойшлуулах саналыг эрх баригчид гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганаараа энэ тухайгаа хэлэлцэж сууна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэлгүй ийн хойшлуулахад өмнөх парламентын гишүүдийн алдаа дутагдал ч багагүй нөлөөлж байгаа юм.  Тэд хуулиа баталж, дагаж мөрдөх хугацааг нь товлосон хэрнээ ёсчлон батлалгүй, Төрийн эмхэтгэлд хэвлүүлэлгүй орхисон нь  одоогийн гишүүдэд бөөн шалтаг болж орхив. Дургүйд хүчгүй гэгчээр элдэв шалтаг, шалтгаан тоочин дээрх хуулиудыг буцаахыг оролдож буйн  зэрэгцээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэн “Зуун задгай, жаран хагархай явж ирчихээд матарын нулимс унагах хэрэггүй” хэмээн цөөнхийн цөөн гишүүдийг тавлан сууна. Ажлаа мэддэггүй, мэдсэн ч хийдэггүйн харгай өдгөө бууриа сахиж үлдсэн цөөн гишүүдэд бууж байгаа нь үнэн. Гэвч энэ хуулийг хоног тоолон хүлээж суугаа хүчирхийлэлд өртөгсдийг давхар тавлаж байгаагаа түшээд ухаарахгүй байгаа нь хамгаас харамсалтай.

Өмнөх парламентын эмэгтэй гишүүд уг хуулийг хичээл зүтгэл гарган байж батлуулсан бөгөөд хууль батлагдмагц “Гэр бүлийн хүчирхийлэлд баяртай гэж хэлэх цаг ирлээ” хэмээн мэдэгдэж байсан нь талаар болов уу. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас гадна Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд гэр бүлийн хүчирхийллийн талаар заалт оруулан энэ гэмт хэрэгтэй цогцоор тэмцэх боломжийг бүрдүүлсэн гэж тэд мэдэгдэж байсан юм.

Харамсалтай нь УИХ-ын олонхыг бүрдүүлж буй МАН-ын гишүүд гэр бүлийн хүчирхийлэлд цэг тавихыг яарахгүй байна. Яагаад гэвэл тэдэнд хүчирхийлэлд өртөж, хайрта дотнын хүнийхээ зодуурыг амсаж халаглан буй хүүхэд эмэгтэйчүүд, цаашлаад амь насаа алдаж буй хөөрхий эмэгтэйн гаслант дуу сонсогдохгүй болохоор тэр. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хойшлуулснаас болж  хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчих бүрт, хүний эрүүл мэнд, амь нас хохирох бүрт одоогийн парламент, УИХ-ын гишүүдээс ял зэм асууя. Эс тэгвээс энэ хууль хамтдаа хэрэгжих Эрүүгийн болоод Зөрчлийн хуулийн далбаан дор хойшлуулсаар, эцэстээ цаасан дээр л үлдэх биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж