УИХ-аас өнгөрсөн онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” урт хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй хатуу хучилттай авто замаар холбохоор болж тусгасан. Энэ дагуу аймгийн төвүүдийг авто замаар холбоход зориулж 2011 оны төсөвт 6.4 тэрбум төгрөг тусгасан байна. Эхний ээлжинд 5500 км замыг яаралтай барихаар төлөвлөад байгаа аж. Харин авто замд тусгаж байгаа хөрөнгийг үр ашигтай зарцуулж, чанартай зам барихын тулд Авто замын газраас Өвөрхангай аймгийн Хархорин чиглэлийн авто зам дээр үзүүлэх сургууль ч зохион байгуулжээ. Үзүүлэх сургуульд улсын чанартай авто замыг хариуцагч 21 компанийн захирал, инженер, техникч, мэргэжилтнүүд оролцсон байна. Үзүүүлэх сургуульд оролцогсод Өвөрхангайн-АЗЗА компанийн жишээн дээр замын хучилтаас эвдрэлд орсон хуучин асфальтыг эргүүлэн ашиглаж бутлан халааж нэмэлт битум хийж зууран замын нөхөөс хийх, нүүдлийн тоног төхөөрөмжүүдийг өөрсдийн хүчээр хийж амжилттай ашиглаж ажлын өртөг зардлыг бууруулсан туршлагыг судалжээ.
Г.Дарь