Баяр наадмын өдрүүдээр Монголын телевизүүд наадамд зориулсан нэвтрүүлгүүдээрээ чухам л өрсөлдөв. Наадмын өмнөх өдөр айл болгоны хойморт телевизийн бүх сувгуудаар олны танил эрхмүүд өөрсдийн бага нас, наадмын тухай дурсамжуудаа хуучилсан нь энэ жилийн наадамд өнгө нэмж, утгыг баяжуулсан гэж болно. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Ижий аавтайгаа үзэж өнгөрүүлсэн элэг бүтэн наадам л хамгийн сайхан нь” хэмээн хуучилсан бол яруу найрагч Д.Баяржаргал хүүхэд ахуй цагтаа нэг ч наадам үзээгүй гэнэ. Түүний багад аав, ээж хоёр нь “Миний хүү том болоод зөндөө олон наадам үзнэ” гэж хэлээд хөтлөлцөөд наадамд явчихдаг, ирээдүйн найрагч маань хурга тугалаа хариулсаар гэрээ сахиж үлддэг байсан ч яруу найрагчийн сэрэл мэдрэмжээр бүтээсэн наадмын тухай сайхан шүлгээр үзэгчдийнхээ сонорыг мялаасан. Тэдэн дундаас хамгийн сайхан түүхийг хуучилсан нь АЖ Д.Чимэдцэеэ. Өвөө эмээ дээрээ бага насаа өнгөрөөсөн дуучин маань 11 настайдаа анх сумын наадам үзэж. “ГАЗ-53” машины тэвшин дээр сумын сургуулийн хүүхдүүдтэй хамт суугаад морины бариа руу давхиж явахад нь түүний хажуугаар ногоон торгон дээлтэй нэг их суналзсан сайхан хар гэзэгтэй гое хүүхэн уралдааны замаас хадуурсан морь хөөн гарч ирэхэд охины нүд унахаа шахаж, “Ямар сайхан хүүхэн бэ, ийм гоё хүүхэн болох юмсан” хэмээн шимтэн харж явсан гэнэ. Харин морь барианы газар ирээд буутал агсам мориор хурдны морь элдэж явсан нөгөө гоё хүүхэн нь өөрийнх нь ээж байсан гэдэг. Тэр бас “Миний ээж уртын дууг их сайхан дуулдаг. Ижий шигээ дуулахсан гээд нэг л чадахгүй явна даа” хэмээн хуучилсан. Сайхан хүний үр сайхан байхаас ч яахийн.
Б.ГАЛ