УИХ-ын чуулганаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл ийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 91,1 хувь нь дэмжлээ.
Тухайн үеийн МАХН буюу өнөөгийн МАН 1990 онд Ю.Цэдэнбалыг намаас хөөж, 1997 онд намын гишүүнчлэлийг сэргээх шийдвэр гарсан байдаг юм байна.
Анхны хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Төрийн байгуулалтын байнгын хороог цайны цагаар хуралдуулах саналтай байна. Үүний дараа өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд багтааж өгөөч. Тэгвэл өнөөдрийн дотор эцсийн хэлэлцүүлгийг хийгээд гаргачихмаар байна” гэсэн санал гаргав. Харин УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр байнгын хороогоо хуралдуулж, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд оруулж өгнө гэсэн тул Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс хойш хуралдахаар боллоо.
УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Т.НОМИН