Лас Вегасаас шинэ нян илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.15-нд нийтлэгдсэн

Лас Вегасаас шинэ нян илэрчээ

Лас Вегасын нэгэн өндөр зэрэглэлийн зочид буудлаас өнгөрөгч пүрэв гаригт амьсгалын замын халдварт өвчний нян илэрлээ. Уг нянг лигионелла гэдэг бөгөөд уушгинд шууд нөлөө үзүүлдэг халдварт өвчин үүсгэдэг байна. Нян илэрсэн “Aria Resort and Casino” зочид буудалд өнгөрөгч зургадугаар сарын 21 болон энэ сарын 4-ний өдөр бактерын шинжилгээ хийсэн тухай тус зочид буудлын дэд ерөнхийлөгч Пол Берри мэдэгдээд байгаа юм. Өмнөд Невадагийн Эрүүл мэндийн газар Лас Вегасын хэд хэдэн зочид буудал болон худалдааны төвүүдийг хаасан бөгөөд халдварын шинжилгээ, ариутгах үйл ажиллагааг явуулж байна. Тэд эдгээр газруудад өндөр зэрэглэлийн шинжилгээг явуулах бөгөөд шинжилгээ явуулж дуустал хаасан зочид буудал, худалдааны төвүүдийг нээхгүй ажээ. Баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус халдвараар одоогийн байдлаар зургаан хүн халдварлаад байгаа аж. Харин Өмнөд Невадагийн эрүүл мэндийн газрынхан тодорхой хариулт өгөөгүй байна. Энэ нян нь 14 хоногийн турш идэвхтэй байдаг бөгөөд уушгинд шууд очиж байрладаг ажээ. Мөн ус болон агаарт их тэсвэртэй байдаг гэнэ. Нян илэрсэн энэ зочид буудал 2009 онд 4004 өрөө, 568 танхимтайгаар нээлтээ хийж байжээ.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж