Наадмын дараа намар аа гэж…

Хуучирсан мэдээ: 2011.07.15-нд нийтлэгдсэн

Наадмын дараа намар аа гэж…

Нар шараад л. Гадаах халуун 30 градуст хүрч байгаа талаар ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна. Наадмаас өмнө сэрүүвтэрхэн байсан Монгол орон даяар хэт халалтын улирал иржээ.  Наадмын дараа намар гэдэг. Түүхт дөрвөн ойн баяраа долоо хоног тэмдэглэж байгаа монголчууд намар ирснийг сануулья. Зуны сайханд тайвширч, наадмын олонд түүртсээр байгаад намрынхаа ажлыг мартаж өвөлд өвдөг шорооддог сургамжийг монголчууд мундахгүй олон амссан. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлдэг шиг хаширч ханадаггүй хүмүүс гэж бас бий. Тэд нь бас л манайхан.

Ядаж байхад энэ жил ямар олон аймаг, сумдын, албан газруудын ой тохиож байгаа гэж санана. Увсын 80, Сэлэнгийн 80, Ховдын 80, Хөвсгөл, Хэнтий гээд олон аймаг ойн баяраа сүр дуулиантайхан тэмдэглэхээр бэлтгэж байна. Мэдээж, манай улстөрчид төрсөн, өссөн, дэвшсэн /УИХ-д нэр дэвшсэн/  нутгийнхаа ойд оролцож, “төрсөн өдрийн бэлэг” гардуулахгүй бол ирэх жилийн сонгуульд эвгүйхэн асуудалд орооцолдож болзошгүй. Ингээд л  монголчууд дээр дооргүй намрын сарыг найм юм шиг наадмаас  наадам найраас найр хэсээд, амраад, зугаалаад байж дээ. Хөвсгөл аймгийн 80 жил энэ сарын 21-22-нд, Сэлэнгийнх 22-23-нд,  Ховдынх 27-29-нд, Увсынх 30-31 гээд л ар араасаа аймаг, сумдын ойн баярууд урсана. Ойн баярыг чиглэсэн олон хүн, машины цуваа ч урсах нь тодорхой. УИХ, Засгийн газрын гишүүд ч усанд туугдсан зомгол шиг тэднийгээ дагаад талийж байгаа сурагтай.

Сануулахад, Монгол Улсын Засгийн газраас энэ сонгуулийн жилийн хугацаанд хэд хэдэн том төслийг амлан авсан.  Төлөвлөгөө ёсоор бол энэ оны сүүлч, ирэх оны эхэн гэхэд уг төслүүд эхнээсээ хэрэгжээд эхэлчихсэн байх ёстой. Засгийн газраас хэрэгжүүлж буй эхний том төсөл нь Тавантолгой. Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлаа Засгийн газраас шинэ оны шинэхэн өглөөнөөс эхлүүлсэн. Өдгөө долоон сар өнгөрөөд буй ч өнөөдөр Тавантолгойд марш эгшиглүүлэх цаг хараахан тохиогоогүй л байна. Засгийн газраас үүрэг авсан ажлын хэсгийнхэн Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулж, Хятад 40, АНУ 24, Орос-Монгол 36 гэсэн хувилбарыг дэвшүүлээд байгаа.  Засгийн газар энэхүү хувилбараа УИХ-д танилцуулах ёстой. УИХ-аас уг хувилбарыг дэмжих эсэхийг шийднэ. Одоогоор бол УИХ намар аравдугаар сар хүртэл амралтаа авчихсан. Тавантолгойн  төсөл тэр болтол хүлээлтэд зогсоно гэсэн үг.

Уг нь ээлжит чуулган зарлаж, асуудлыг шийдвэрлэж болох ч одоо явж байгаа ажлын хурдацаас харвал ээ мэдэхгүй, ирэх намрын чуулганы хугацаанд багтах уу, үгүй юу л харагдаж байна. Тэгвэл 2011 онд багтаан Тавантолгойд   нүүрс-химийн баяжуулах үйлдвэр барьж, Тавантолгойгоос Хятадын хил рүү, мөн Тавантолгой-Чойбалсангийн чиглэлийн 1100 километр төмөр зам тавих ажлыг эхлэх нь ч бараг л худлаа болж таарах гээд байна. Тэгээд ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн захилгаар Тавантолгойн Цанхийн зүүн хэсэгт олборлолт явуулах оператор компани  одоо хэр нь тодроогүй л байгаа.

Нөгөө нэг төсөл нь бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр. Хөтөлбөрийн хүрээнд орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгохоо Засгийн газраас зарласан нь ч тэрхүү зээлийг хэрхэн гаргах, хаагуур дамжуулах асуудал Хөгжлийн банкин дээр гацчихсан л байгаа.  Мөн бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын тулд Засгийн газраас гаргах 800 тэрбумыг гаргахаар болсон. Үүний хүрээнд Засгийн газар 300 тэрбумын бонд гаргах эрхийг Сангийн яаманд өгсөн бөгөөд энэ асуудал мөн л намар болтол нам жимхэн байх бололтой. Тэгэхээр бага дунд орлоготой иргэд байртай болох асуудал ч энэ жилийг иймэрхүү маягтайгаар үдэх бололтой.

Тэгэхээр наадмын дараа намар болдгоороо л болно. Намрын сар ямар найм биш дээ хө.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж