Өөрт байхгүйд өсөрхөхдөө өрөөлийн тоглоомыг эвдсэн өөдгүй жаал өсч өндийсөн ч мөнөөх адаар аяг, ааш нь хэвээрээ байдаг санж. УИХ өс хонзонгийн талбар болон хувирав. Гэхдээ энэ өс хонзонд өрсөлдөгч нь бус улс, эгэл иргэд хохирч байна. Яасан их хорсол вэ? Монголыг ЗХУ-д нэгтгэхийг гуйж байсан хүнийг алдаршуулах, зуун жилийнх нь ойг нүсэр тэмдэглэх шийдвэрийг хагас хоногийн дотор баталгаажуулсан эрх баригчид амьдралд хөл алдсан зуу зуун залуусын эргэж алдаагаа засах боломжийг үгүй хийв. Мянга мянган эмэгтэйчүүд, хүүхдүүдийг дараа жил болтол дарлуулж, хүчирхийлүүлж бай гээд орхилоо. Өс хонзонгийн өшөө авалтанд эмзэг бүлгийнхэн ийнхүү хохиров. Араас нь цалин буурсан ч татвар нэмэгдэх зовлонг монголчуудад эдлүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьчихсан яваа.
Есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих байсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль гээд багц хуулиудыг дараа жилийн долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах өөрчлөлт оруулсан шалтгаанаа эрх баригчид,
Эрүүгийн хуулийг дагаж гарч буй таван хуулийг УИХ-аар ёсчлоогүй,
Олон нийтэд хууль сурталчлах ажил хийгдээгүй,
Хууль хэрэгжүүлэх байгууллагын ажилтан, алба хаагчдад хуулийн талаар сургалт зохион байгуулаагүй гэх шалтаглаж байна.
УИХ-ын чуулганы танхимд Хууль зүйн сайдын “Өөрсдөө ёсчлоогүй байж одоо матрын нулимс унагах хэрэггүй” гэж сөрөг хүчнээ даапаалж сууна. Энэ нь сөрөг хүчний алдаа гэж болох ч үнэндээ хууль бол хэн нэгний өмч биш. УИХ ч ялгаагүй. Төрийн залгамж чанараараа эрх баригчид ажлаа авснаасаа хойш шууд энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах хангалттай хугацаа байсан. Харин сонирхол, хүсэл байгаагүй. Өмчлөх дуртай өөд болоочийнхоо ойг тэмдэглэхийн тулд “Н” нь улайрч, түүнийг нь “М” дэмжиж их л маадгар харагдсан. Гэхдээ “Ц” бол “Ц”. Иргэдэд “Ц”-ээс илүү өдөр тутмын амьдралд, үйлдэл бүхэнд үйлчлэх хууль чухал байлаа. Хямраад байна гэж цалин бууруулж, татвар нэмж буй хэр нь тэрбумаар тооцогдох мөнгөөр баяр тэмдэглэх гэж буйдаа ичсэнгүй. Ичих нүүрээ элгэндээ нааж, элгээ нүүрэндээ наачихжээ.
Монголын гурван сая иргэнд үйлчилж, эрхийг нь хангах хуулиудыг тэд буцаалаа. Ингэснээр шоронжсон бодлоготой Эрүүгийн хуулиар хэдэн иргэн хэрэгтээ хүндэтсэн ял авч, хэчнээн нь эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирохыг чөтгөр мэднэ.
УИХ өс хонзонгийн талбар болон хувирлаа. Гэхдээ тэд өшөөгөө өрсөлдөгчөөсөө бус ард түмнээс авч байна. Өөрийг нь хамгийн их зовоодог хүнээ өөд болоход “Тэвчээрийн багшаасаа саллаа” хэмээн уйлж байсан юм гэдэг. Өөрийг нь зовоодог ч илжиг модон хударгадаа дуртай гэгчээр бид ч ялгаагүй юмсанж. Гэхдээ бадарчин баярлах болоогүй, МАН дуулах болоогүй байна. АН-ын төр, МАН-ын төр гэж байхгүй. Үндсэн хуулиар төрийн залгамж халааг зохицуулсан өчнөөн зохицуулалт бий. Ордонд тодроод байгаа хуульч шиг ёс зүйн хариуцлагаар л шийдчихдэг ч юм биш. Үндсэн хууль манаачтай. Манаач нь балласныг нь засах үүрэгтэй. Цэц дээр энэ асуудал очих нь тодорхой. Цэц харин Үндсэн хуулийн манаач уу, эрх баригчийн үйлчлэгч үү гэдгийг л харах үлдлээ.
Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойгоор оролдов гэгчээр “ардын” нэртэй гээд ард түмнээ доромжилж, басамжилж, бас дарлах эрхийг эрх баригчдад олгоогүй нь мэдээж. Ихээхэн дарлаад байвал “элгэдээд” унагачихаа мэддэг л ард түмэн гэдгийг элдэвлээд байгаа нөхдүүдэд Л.Нарантөгс сануулах нь илүүц биз ээ. Айж явбал аминд өлзийтэй гэдэг ардын үг ч бас бий. Ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулдаггүйг санаарай.