Гэхдээ улсын их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гэнэтийн хүчтэй аадар бороо орж, өнгөрсөн өдрүүдэд хэт ихээр халж буйгаас Туул голын усны төвшин эрс нэмэгджээ. Тиймээс нийслэлийн Онцгой байдлын Шуурхай албаныхан Туул голын дагуу өдөр бүр завьтай эргүүл хийж, иргэдэд уснаас болгоомжлох зөвлөгөөг хүргэж буй аж. Өнөөдрийн байдлаар Туул голд 10 гаруй аврагч завьтай эргүүл хийж байна гэсэн мэдээллийг бид Шуурхай удирдлагын төвөөс авлаа.
Сануулахад, баяр наадмын өдрүүдэд үер устай холбоотой дуудлага нийслэлийн Онцгой байдлын Шуурхай албанд нийтдээ 15 иржээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргээс 11, Чингэлтэй дүүргээс нэг, Баянзүрх дүүргээс хоёр, Сүхбаатар дүүргээс нэг ирсэн байна. Эдгээр нь гол төлөв гэр рүү ус орсон, хашаа байшин усанд автсан гэх дуудлага зонхилжээ. Дуудлагын дагуу аврагч нар очиж, иргэдэд шуурхай тусламж үзүүлсэн байна. Харин нэг дуудлага ослынх байсан аж. Энэ нь Баянзүрх дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах Туул голд нэг эрэгтэй орж, усанд осолдсон юм байна.