Цалингийн цаадах учир

Хуучирсан мэдээ: 2016.09.01-нд нийтлэгдсэн

Цалингийн цаадах учир

МАН-ын бүлэг цалин бууруулахгүй байх эцсийн шийдвэрт хүрснийг дуулаад хүмүүс ажилдаа явахдаа жаргалтай биш юм аа гэхэд сэтгэлд таатай байгаа нь мэдээж. Гэхдээ дараах хүснэгтийг нэг харах хэрэгтэй.

Төрийн албаны цалин өөр хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай байгаа биз. Жирийн төрийн албан хаагчийн жилийн цалин захирлуудын сарын цалингаас бага аж. МАН төсвийн алдагдлыг бууруулахын тулд өндөр цалинтай төрийн албан хаагчийн цалин бууруулж, татварыг нэмэх төсөл өргөн барьсан. Гэхдээ энэ нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр юм харагдаад буй. Дээрх албан хаагчдын цалинг буурууллаа гээд хоолгүй болчихгүй. Татвар нэмлээ гээд худалдан авалтыг хумиж, эдийн засгийн эргэлтийг үгүй хийнэ гэдгийг нарийн тооцох хэрэгтэй.

Давхар дээлийг үнэн голоосоо үзэн ядаж байсан хүмүүс төсвийн алдагдлыг бууруулахын тулд хамгийн түрүүнд шүүгчдийн цалинг бууруулахаар онилсон нь засаглалын хямрал руу хөтөлж ч мэдэх аюултай үр дагавартай асуудал. Учир нь, гүйцэтгэх засаглал цалингаар дамжуулан шүүх засаглалыг хараандаа байлгахыг оролдсонтой ижилхэн үйл явдал болно. Засгийн газраас шүүхийн төсвийг өргөн мэдүүлэхийг хуулиар хорьсон байдаг тохиолдлоор хийчихсэн заалт огтоос биш. Халаасанд нь оруулахгүй гэж зориуд хамгаалалт хийсэн хэрэг.  Гэтэл Засгийн газар хууль зөрчиж, шүүхийн төсвийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг авалгүйгээр өргөн мэдүүлсэнд асуудлын гогцоо байна.

Шүүгчийн цалин өндөр байна буулгах хэрэгтэй гэж үзэх хүмүүс олон бий. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бусаар ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэж хуульчилжээ. Дээр нь хуулийн 23.5 дахь хэсэгт шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй гэж заасан аж. Шүүгчийн цалин өндөр байх нь эдийн засгийн хувьд хараат бусаар ажиллаж, хахуульд өртөхгүй байх бас нэгэн зохицуулалт болдог. Учир нь шүүгч цалингаасаа өөрөөр орлого олохыг нь хуулиар хориглодог. Давхар ажил эрхлэх, эх үүсвэртэй байх ёсгүй гэсэн үг. Тиймээс дэлхий нийт улс орнууд цалин амьдралд нь хангалттай хүрэлцэхүйц байхаар тогтоодог аж. Хэрэвзээ шүүгчийн цалин хангалтгүй бол банкны зээлээ төлж чадахгүйгээс эхлээд бусдын нөлөөнд амархан орох нөхцөл бүрдэнэ гэсэн үг.

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн хэлснээр шүүгчийн цалинг нэмэгдүүлснээр, шүүгч нарт сайн ажиллая гэсэн хичээл зүтгэл, сэтгэл бий болсон. Шүүн таслах ажлын чанарт өөрчлөлт гарсан. Шүүхийн хүний нөөц шинэчлэгдэх чухал хүчин зүйл болсон. Шүүгчийн цалин нэмэгдсэнээр хуульчдын дунд өрсөлдөөн бий болсон гэнэ. Дээр нь “Авлига, хээл хахууль буурсан гэдэг нь нуух аргагүй үнэн” гэжээ. ХБНГУ-ын экспертүүд "Монгол Улс шүүгчийн цалинг олон улсын түвшинд дүйхгүй ч гэсэн дотооддоо боломжийн хэмжээнд нэмсэн нь танай улсын шүүхийн шинэтгэлийн нэг чухал ололт. Энэ бүхэн жижиг, дунд авлигыг алга болгож чадсан байна" гэж дүгнэснийг тэрээр ярилаа. 

Энэ бүхнээс харахад шүүгчийн цалинг бууруулах нь иргэдийн шударга шүүхээр шүүлгүүлэх эрх тодорхой хэмжээгээр баталгаагүй болно гэсэн үг.

Үнэхээр л төсвийн алдагдлаа бууруулах гэж байгаа бол энэ нөхцөлд дэд сайдуудаа үгүй болгох хэрэгтэй. О.Баасанхүү гишүүний хийсэн тооцоогоор бол дэд сайдын албан тушаалыг үгүй болговол ойролцоогоор 60 тэрбум орчим төгрөгийн зардлыг хэмнэх аж. Арвангуравхан албан тушаалыг байхгүй болгоход л шүү дээ. Хэмнэх гээд байгаагаас нь хэдэн арав дахин их зардал. Тиймээс МАН улс төрийн эр зориг гаргаж, энэ алхамаа хийвэл олон нийт алга таших нь тодорхой. Төрийн мөнгийг хэрхэн яаж зарцуулж буйг ч сайн шалгаж, шилэн дансаа ажиллуулах нь чухал. Сөрөг хүчин байхаараа шаардаад, өөрсдөө эрх барихаараа нуугаад байж болохгүй биз дээ.

Менежментээ зөв явуулдаггүй, төрийн өмчийн үйлдвэрийн газрын дарга нарыг ч ажлынх нь гүйцэтгэлээр цалинжуулахад буруудах зүйлгүй. Хийх хүнд санаа, хийхгүй хүнд шалтаг л олддог. Тиймээс л нэг бол бууруулна эсвэл болилоо гэж аль нэг туйлыг барилгүйгээр олон талаас нь асуудалд хандвал бас ч гэж яриад байгаа шиг нь яахаа алдчихаагүй биз дээ.

Тиймээс татвар нэмэгдлээс илүү төсөвт дарамт учруулж буй дэд сайдаас ажлаа эхэлбэл ямар вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж