Цалингийн дээрмээ зогсоо, эрх баригчид аа!

Хуучирсан мэдээ: 2016.08.30-нд нийтлэгдсэн

Цалингийн дээрмээ зогсоо, эрх баригчид аа!

Монгол Улсын Засгийн газар он шилжих мөчтэй уралдан 5.1 их наяд төгрөгийн төсвийн алдагдал хүлээнэ гэдэг нь Сангийн сайд Д.Чойжилсүрэнгийн хийсэн мэдээллээс тодорхой болсон. Харин энэ алдагдлыг бууруулахын тулд бодож олсон орлогын нэг нь сарын 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай  иргэдээсээ 25 хувийн татвар авах хувилбар. Гэхдээ үүнд нийт хөдөлмөрийн насны иргэдийн 12,000 нь л хамрагдана. Ингэснээр улс 60 тэрбум төгрөгтэй болно гэж  төсөөлж байгаа. Гэвч энэ тоон үзүүлэлтийн ард тэдгээр иргэд хэрхэн ажиллаж, хэрхэн амьдралынхаа төлөө зүтгэж байгааг, мөн эдийн засгийн ямар үр дагавар гарахыг Монголын төр тооцсонгүй юу эсвэл тооцсон ч тэдэнд хамаагүй юу.

Одоогийн нөхцөл байдлаас үүдэн дүгнэхэд энэ төсөлд хамрагдах хамгийн их магадлалтай хүмүүс нь уурхайчид. Мөн уул уурхайн мэргэжилтнүүд. Тэд энэ цалингийн төлөө жилийн 250 хоногийг нь уурхайд өнгөрүүлдэг. Өдрийн бүтэн 12 цаг тоостой, шороотой, халуун хүйтэнд, газрын гүнд гээд хүнд нөхцөлд ажилладаг. Нар, сар ээлжилж байгааг ч харах чөлөө завгүй ажиллаж 2.5 сая төгрөг олохдоо тэд үр, хүүхдээ ч хэрхэн өсч бойжиж байгааг харж чадалгүй ар гэрээсээ хол, амьдралын төлөө ажилладаг. Хайртай гэр бүлээ өмсөж зүүх, идэж уухаар дутаахгүй гэсэндээ тэднээсээ алсад, шударгаар хөдөлмөрлөж байж энэ цалинг авдаг. Ийм байтал Монголын төр олж авсан мэдлэг боловсрол, ажлын ур чадвар бүхнээ улс орныхоо төлөө, гэр бүлийнхээ төлөө зориулж буй тэднийг орчин цагийн хямралын хамгийн том хэлмэгдэгч болгон зарлачихлаа. Ийм шударга бус шийдвэрт тэд эрх баригчид, төрийн түшээд өөрсдөө хамрагдахгүй болохоор тэр байх. Тэр дундаа ажлын байрны орчин, эрүүл мэндийн золиосыг нь тооцоолоогүй нь бүүр ч гайхмаар.

Төрийн тамгыг  атгаж, эрх мэдлээ хэтрүүлэн буруугаар ашигласных нь золиосонд ийн энгийн ажилчин ард хэлмэгдэнэ  гэдэг бол яах аргагүй орчин цагийн хэлмэгдүүлэлт юм.

Жилийн 30 сая төгрөгийн босгыг хаанаас ямар тооцоотойгоор гаргаж ирсэн нь ч тодорхойгүй. Азийн хөгжилтэй орнуудын хувь хүний орлогын албан татварыг сонирхож үзье. 
Өнөөдөр Япон (1иен= 23төг), Сингапур (1доллар=1600төг), Mалайз (1ринггит= 500төг) гэсэн ханштай байна. Тэгвэл шаталсан татвараар тэд 25%-ын татвар төлөхөд босго нь хэд байдгийг эх сурвалжуудаас монгол төгрөг рүү хөрвүүлэн бодож үзэхэд,

  • Япон- 161 сая төг
  • Сингапур- 512 сая төг (20%-аас илүү татвар байхгүй)
  • Малайз- 200 сая төг гэж гарч байна.

Гэтэл дэлхийн жишигтэй харьцуулахад манайх шиг дундаж давхрагынхан багатай улсад уг давхрагаа шууд онилсон 25%-ын татварын бодлого нь дундаж давхрагыг үгүй хийж зөвхөн баян, ядуу гэсэн заагийг холдуулах бодлого шиг л харагдаж байна.

Татвар өндөр төлбөл орлого буурсан иргэд хэрэглээгээ хумих нь тодорхой. Хэрэглээ хумигдахад тэдний мөнгөөр орлогоо олдог байсан үйлчилгээнйи байгууллагуудын орлого буурна. Улмаар орлогогүй болсон жижиг, дунд бизнесийнхэн ажилтнаа цомхотгоно, эсвэл үүдээ барьна. Энэ бол эдийн засагт үзүүлэх 25% татварын нөлөө.

Тиймээс юун түрүүнд эрх баригчид аа, ажил хийдэг, амьдралынхаа төлөө шударгаар зүтгэж яваа хүмүүсээ хэлмэгдүүлэхээ боль. Энэ давхрагынхан улсаас халамж нэхдэггүй, мөнгө хүсдэггүй, харин өгдөг. Хэд гурван төгрөгөө зовж ядарсан, өвдсөн нэгэндээ буян болгож илүүчилдэг, хандивладаг.  

 Гэтэл төрөөс үзүүлэх ёстой эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээ жинхэнэ утгаараа хөгжиж чадаагүй байхад тэд  төрд нийт цалингийнхаа 25 хувийг зүгээр ингээд өгчих нь юу л бол. Өөрөөр хэлбэл та бүхний санаачилга эргээд олон нийтийн эсэргүүцэл хийгээд зөрчилтэй тулгарах болно. Орлогоо нууна, далд эдийн засаг буцаад сэргэнэ. Нөгөө татвараар цугларах 60 тэрбум ч агаарт хийснэ. Яагаад гэвэл Монголд сардаа 2.5 сая төгрөгийн цалин авахын тулд тэд  нойр хоолгүй явж, ажлын төлөө шургаж унатлаа зүтгэдэг юм. Энэ мөнгө эрх мэдэлтнүүдийн хувьд нэг цүнх эс бол нэг даргын албан тасалгааны нүд хужирлах бэлэг дурсгал төдий  бол энгийн иргэдийн хувьд гэр бүлээ, аав ээжээ, үр хүүхдээ бусадтай адил авч явах амин зуулга нь байдаг юм. Тиймээс дээрмээ зогсоо. Дээрмийн замаар улс орныг хямралаас зогсоохоор шийдсэн бол үлгэр жишээ болж эхлээд өөрийнхөө хэрэглээг дээрэмд. Эс бөгөөс тэдний ард байгаа ар гэрийнх нь оройн хоолыг, хүүхдийнх нь сургалтын төлбөрийг, аав, ээжийнх нь эмчилгээний төлбөрийг, байрны лизинг нь дээрэмдэх гэсэн энэ башир арга тань харин ч Монгол Улсын баялаг бүтээж буй давхрагыг  жинхэнэ утгаа нь дээрэмдэх хууль ёсны тоонуул болж хувирахад хүрлээ, эрх баригчид аа.

Иргэн баян бол улс баян.

О.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж