Ардчилсан болон Өмнөд Солонгосын сагсан бөмбөгийн багууд манай улсад анх удаагаа хоорондоо өрсөлдөнө
Манай улсад сагсан бөмбөгийн "Чингис Хаан кап-2016" тэмцээн хоёр дахь удаагаа есдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд болох гэж байна. Өнгөрсөн жил анх удаагаа явагдсан тус тэмцээнд манай улсын Үндэсний шигшээ баг түрүүлж, Хойд Солонгосын шигшээ баг удаалж байсан юм. Харин энэ жил тус тэмцээн улам хүрээгээ тэлж, таван улсын найман баг өрсөлдөхөөр боллоо. Анх удаа Өмнөд Солонгосын мэргэжлийн лигийн “KBL” баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох болсноос гадна Хойд Солонгос улсын үндэсний шигшээ баг, ОХУ-ын Буриад улсын шигшээ, Хөх хотын их сургуулийн багууд багтсан. Харин манай улсаас Үндэсний нэг болон хоёрдугаар шигшээ, Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Залуучуудын шигшээ баг болон залуучуудын 2-р шигшээ өрсөлдөх юм.
Тэмцээнд Өмнөд болон Хойд Солонгос улсын сагсан бөмбөгийн багууд оролцохоор болсон нь тус тэмцээний нэгэн түүхэн үйл явдал болж байгаа юм.
Одоо Бээжинд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа Хойд Солонгосын баг есдүгээр сарын 6-ны 16.00 цагаас, Өмнөд Солонгосын баг энэ өдрийн 14.00 цагт манай улсад газардана.
"Чингис Хаан кап-2016" тэмцээн есдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд Спортын төв ордонд болно. Тэмцээний тоглолт өдөр бүрийн 17.00 цагаас эхлэх бөгөөд тасалбарын үнэ 5000 төгрөг.
Эх орондоо тивийнхээ хүчирхэг багууд болон өөрсдийн шигшээ багуудынхаа ширүүн өрсөлдөөнийг үзэх сайхан боломжийг “Чингис Хаан Кап-2016” тэмцээн олгож байна.
Ч.БОЛ