Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд өнөөдөр 14.10 цагийн байдлаар 110 дуудлага иржээ. Нийт дуудлагын дийлэнх хэсгийг даралт ихэссэн, зүрх өвдсөн гэх дуудлага эзэлсэн байна. Мөн төрөх эхчүүдийн дуудлага мэр сэр иржээ. Одоогийн байдлаар нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийнхөн 15 эмч, мөн тооны жолоочтойгоор иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу газар дээр нь очиж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж буй аж. Бусад өдрүүдтэй харьцуулахад ачаалал их байна гэсэн мэдээллийг 103-ын жижүүр эмч өглөө. Энэ нь зарим өрхийн эмнэлгүүд ажиллахгүй байгаа, зарим иргэд өрхийн эмнэлэгтээ очих гэж ажил болсноос 103-ыг дуудаад үзүүлчих нь хялбар гэж үзсэнтэй ч холбоотой байж болох гэнэ. Уг нь Засгийн газраас энэ долоо хоногийн лхагва гаригаас баасан гариг хүртэлх өдрийг амралтын өдөр болгон албан ёсоор зарласан боловч, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өрхийн эмнэлгүүд ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэвч 103-т ирүүлж буй иргэдийн мэдээллээр бол зарим өрхийн эмнэлгүүд ажиллахгүй байгаа юм байна.
Г.Дарь