МЧБХ ард түмнээсээ уучлалт гуйлаа

Хуучирсан мэдээ: 2016.08.30-нд нийтлэгдсэн

МЧБХ ард түмнээсээ уучлалт гуйлаа

Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмын сүүлийн өдөр болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Г.Мандахнарангийн барилдаантай холбоотой мэдээллийг өглөө.

МБЧХ-ны Удирдах зөвлөлөөс “Монгол Улсын баг тамирчид 13 дахь удаагаа Зуны олимпийн наадамд оролцлоо. Зуны XXXI наадамд Монголын 43 тамирчин оролцсон дотор чөлөөт бөхийн 10 тамирчин багтсан юм. Монгол Улсын Засгийн газраас энэ удаагийн олимпийн наадамд томоохон дэмжлэгийг үзүүлж, бэлтгэл хангагч тамирчдын хамт авч явсан болно. Олимпийн наадмын сүүлийн өдөр болсон чөлөөт бөхийн тэмцээн дэлхийн нийтийн анхаарлын төвд өнөөг хүртэл байсаар байна. Энэ хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн баг хоёр удаа хуралдлаа. Ингээд бид Монголын ард түмэн, Төр засгаасаа уучлалт гуйж байна.

Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос ирүүлсэн нууцын зэрэглэлийн бичгийн дагуу бид есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө албан хүсэлтээ илгээх учиртай. Тиймээс Удирдах зөвлөл хоёр удаа хуралдаж дараах шийдвэр гарлаа. Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааны талаар арбитрын шүүхэд хандах ажлыг холбогдох албан тушаалд даалгасан. Олимпийн наадмын дэвжээн дээр гарч зохисгүй үйлдэл гаргасан хоёр багшийн дасгалжуулагчийн ажлыг хоёр жилээр хасах буюу онцгой тохиолдолд олон улсын тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэлээ.

Ингээд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн баг албан ёсоор ард түмнээсээ уучлалт гуйж байна.” гэсэн юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж