Хуучирсан мэдээ: 2016.08.23-нд нийтлэгдсэн
Монгол тамирчнаас сэргээш илэрсэн гэв
- Рио 2016” олимпийн наадмын сүүлчийн өдөр буюу ням гарагт Спортын Арбитрын шүүхээс хүндийг өргөлтийн 56 кг жинд өрсөлдсөн манай тамирчин Ө.Чагнаадоржоос сэргээш илэрсэнг зарлалаа. Тус мэдэгдэлд 19 настай Ө.Чагнаадоржоос тестостерон хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн хэмээжээ. Спортын арбитрын шүүх үүнээс хойшхи сэргээштэй холбоотой асуудлыг Швейцарийн төв байрандаа хүлээж авахаар болжээ.
- Ээлжит цэцэрлэгийн бүртгэл маргаан ихтэй байна. Эцэг эхчүүд энэ сарын 22-ноос эхлэн цэцэрлэгийн бүртгэл эхлэхийг дуулаад 4-7 хоногийн өмнөөс харъяа цэцэрлэгийнхээ гадна дугаарлаж эхэлсэн байна.
- ХХААХҮЯ-ны ургацын комисс өчигдөр хуралджээ. Хурлаар байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл, гангийн улмаас 20 мянган га талбай ургац алдсан. Болц дутуу байснаас 1.2 мянган га талбай тэжээлд шилжсэн ингээд нийтдээ 21 мянган га талбайн ургац балансад ороогүй гэж мэдээлжээ.
- Долоо хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Есдүгээр сарын 1-ний өдрийг угтаж худалдаачид, үндэсний үйлдвэрлэгчид хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг задгай талбайд эхлүүлжээ. Наймдугаар сарын 20-д гарчихаад байхад хүүхдийнхээ цүнх, дэвтэр, харандаа, балны үнийг сонирхох аав ээж олон ч авах нь ховорхон л байна. Уг нь өнгөрсөн жилийн өдийд бичиг хэрэгслийн худалдаа эд дундаа явдаг гэж ярих худалдагчид төв талбайд гарсан үзэсгэлэн худалдаа дунд олон байлаа. Тэд Монгол төгрөгтэй харьцах юанийн ханш 2015 онтой харьцуулахад чангарсан ч сурагчдын дэвтэр, бал, харандаа, дүрэмт хувцасны үнэд өөрчлөлт гараагүйг онцолсон юм.
- Ардчилсан намын намын Хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн явцад хууль зөрчсөн үйлдэл гарсан гэж мэдээллээ. Сонгуулийн өмнө МАН-ын нэр бүхийн гурван гишүүн төрийн албан тушаалыг худалдаж, 60 тэрбум төгрөг олох тухай яриа нийтэд цацагдсан. Гэвч Улсын ерөнхий прокурорын газраас тухайн бичлэг нь эвлүүлэг байна гэж үзээд шалгахгүй болохыг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Энэ асуудалд МАН-ынхан өөрсдөө мэдээллийг гадагш нь гаргасан хэмээн хүлээн зөвшөөрсөөр байтал Нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэхээс татгалзсан тул АН-аас гомдол гаргажээ.
- НӨАТ-ын сугалааны наймдугаар сарын тохирол өчигдөр болж,нийтдээ 6813 хүн азтан болжээ. Энэ удаагийн тохиролд нийт 6.806.302 хүн оролцов. Тэдгээрээс 5157 хүн 20 мянган төгрөг, 594 хүн 100 мянга, 58 хүн 500 мянга, дөрвөн хүн дөрвөн сая төгрөг хожиж, нийт 6813 хүн азтан болсон байна.
- Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 19-нд болно. Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор Засаг захиргааны шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Одоогоор сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо хариуцаж байгаа юм. Нийслэлийн Сонгуулийн хорооны 01 дүгээр тогтоолоор дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийг зохион байгуулах дүүргүүдийн Сонгуулийн хороог байгуулаад дүүргийн хурлын сонгуулийг шууд удирдан зохион байгуулж, сонгуулийн хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг дүүргүүдийн Сонгуулийн хороонд үүрэг болгожээ.