Хятад улсын 22 муж болон ӨМӨЗОрны эртний хотуудад очсон мэт сэтгэгдэл төрүүлэх “Үзэсгэлэнт Хятад орон” VR үзэсгэлэн Уран зургийн галерейд гурав дахь өдрөө олны хүртээл болж байна.
Тус үзэсгэлэнгийн танхимд тусгай дэлгэц байрлуулсан бөгөөд виртуал бодит орчинг бий болгох гурван хэмжээст VR технологиор дамжуулан үзэсгэлэнт Хятад орныг тольдон харуулах гэнэ.
Энэхүү бодит мэдрэмжийг мэдрэхийг хүссэн хэн бүхэн Хятад орны өнгө үзэмжийг бичиг үсэг, гэрэл зураг, видео бичлэг зэргээс илүүтэйгээр өөрийн биеэр мэдэрч болох юм.
Гурван хэмжээст VR технологийг ашиглан Хятадын аялал жуулчлалын үзэсгэлэнт цэгүүдийг сонирхох боломжтой бөгөөд үзэгчид тусгай нүдний шил зүүж, “Үзэсгэлэнт Хятад орон”-оор зорчиж эхлэнэ.
Тусгай нүдний шилийг зүүснээр хамтдаа Хятадын Ли Жян эртний хотоор аялцгаая. Ли Жян хэмээх эртний хот нь Юньвань мужийн Жиньша мөрний дээд урсгалд байрладаг бөгөөд олон зуун жилийн түүхтэй ажээ. Өнгө үзэмж төгс төгөлдөр эртний Чян ардын хойч Наши үндэстний өлгийн нутаг юм байна. Энэхүү хот нь далайн төвшнөөс дээш 2400 метрт оршдог бөгөөд хятадын түүх соёлын алдартай хотуудын нэг гэдгийг тайлбарлагч бүсгүй тайлбарлаж өглөө. Уг төхөөрөмжийг зүүхэд тухайн хотын гудамжинд зогсож буй мэт мэдрэмж төрж байлаа.
Энэхүү гурван хэмжээст VR үзэсгэлэн нь Хятадын аялал жуулчлал, соёлыг таниулах анхны томоохон үйл ажиллагаа бөгөөд “Таван тив” мэдээлэл харилцааны төв, Хятадын төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Үндэсний аялал жуулчлалын газраас зохион байгуулж байгаа ажээ.
А.Сүрэн
Гэрэл зургийг Н.Батмөнх