Монгол, Хятадын хэвлэлийнхэн Хэнтийд чуулав

Хуучирсан мэдээ: 2016.08.22-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын хэвлэлийнхэн Хэнтийд чуулав

Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоо, хэвлэл мэдээллийн форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод буй.

“Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форум” Чингис хотноо анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Уг форум 2016 оны 08 сарын 19-21 өдрүүдэд зохион байгуулагдаж, хоёр талын 90 гаруй төлөөлөгч оролцлоо.

Энэ жил манай улсад зохион байгуулагдаж буй VII форумаар Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлуудыг хөндсөн юм. Түүнчлэн форумын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн чиглэлийн 14 илтгэлийг тавьсан юм.

Форумд манай улсаас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Жавхлан болон Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд, ГХЯ-ны газрын захирал Х.Мандахцэцэг, орлогч захирал Г.Байгалмаа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд оролцлоо.

Харин БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ны ӨМӨЗО-ын Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга хатагтай Улаан, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Шеньхуа агентлаг, Хятадын ардын өдрийн сонин, Төвийн ардын радио, ССТV, Өвөрмонголын радио телевиз, Өвөрмонголын “Монгол судлалын хүрээлэн” зэрэг олон байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

Форумын нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлж, амжилт хүслээ.

Форумын арга хэмжээ амжилттай болж өндөрлөн, дараа жилийн “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VIII форум”-ыг Хятад улсад зохион байгуулхаар шийдвэрлэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж