Ч.Мөнхтулга: Замын тэмдэг, тэмдэглэгээ хотын түгжрэлд нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2016.08.23-нд нийтлэгдсэн

Ч.Мөнхтулга: Замын тэмдэг, тэмдэглэгээ хотын түгжрэлд нөлөөлдөг

Хотоо хөгжүүлэх хүсэлтэй ч, тулгамдсан асуудлаа нийслэлийн удирдлагатай хамтран шийдэх саналтай иргэдийн төлөөлөл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой уулзаж, асуудлаа танилцууллаа.


Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Мөнхтулгын тухайд замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хүсэлтэй. Тэрбээр Улаанбаатар хот замынхаа тэмдэг, тэмдэглэгээг нэг стандарттай, ойлгомжтой болгож өөрчлөхгүй бол одоогийн түгжрэл буурахгүй гэж үзэж байна. Жил ирэх бүр төв замын машин зорчих эгнээ өргөсгөж, урт нь нэмэгдэж буй ч түгжрэл багасгахгүй байгаа нь тэмдэг тэмдэглээтэй холбоотой гэлээ. Иймээс явган хүний гарч, эргэж, зогсох тэмдэглэгээг сайтар судалж өөрчлөх ёстой болжээ. Мөн замын хөдөлгөөнийг зохицуулагч гэрлэн дохио асч, унтрахыг ойлгомжтой болгож, уулзваруудаар машины баруун гар тийш эргэх эргэлтийг гэрлэн дохионд хамааралгүй болгох шаардлагатайг Ч.Мөнхтулга тодотгон ярилаа. Нийслэл замын түгжрэлийг бууруулахаар гүүрэн зам барих нь эдийн засгийн хувьд үрэлгэн хувилбар. Харин одоогийн замууд дээр хэвтээ тэнхлэгтэй давхар зам баривал түгжрэл буурна гэлээ.

Иргэн Д.Дамбаринченгийн хувьд хотын хогийг боловсруулах үйлдвэрийг ойрын хугацаанд түргэн барих учиртайг хотын даргад тайлбарлалаа. Мөн тэрбээр хотын захиргаанаас гэр хороолол, орон сууцны өрхүүдийн хогийг ачих явц нь удаан. Ирээд орон сууцны хорооллын бункертэй хогийг ачиж, авахдаа хог ачигч нар хуванцар савыг ангилан авах гэж уддаг зэргийг шүүмжлэлээ. Иймээс хогийг хаях явцыг эхлээд ангилах. Дараа нь хогийг боловсруулдаг болох ёстой аж.

Автобусны буудлыг дагасан түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-нүүдийг дагасан маргаан хотод их. Жишээлбэл Сүхбаатар дүүргийн иргэн Л.Мөнхжаргал сүүлийн арван хэдэн жил тасралтгүй ТҮЦ ажиллуулж, ажлын байраа хадгалж буй. Гэвч дүүргийнх нь Өмч, харилцааны албанаас явган зам таглаж барьсан ТҮЦ-ийг татан буулгах, замыг чөлөөлөх шийдвэр гаргажээ. Гэтэл иргэн Л.Мөнхжаргал  дээрх шийдвэрийг ажлын байрнаас нь салгах нэг оролдлого гэж тайлбарлаад, ТҮЦ-ийг нүүлгэх асуудалд иргэнээ бодсон шийдвэрээ гаргахыг хотын даргаас хүслээ. Энэ мэтчилэн өөрт тулгамдсан болон хотын хөгжил, бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулж, саналаа хуваалцсан иргэдтэй цаашид хэрхэн хамтрах, асуудлыг нь яаж шийдвэрлэх вэ гэдгээ хотын удирдлагууд  удахгүй тодорхойлж, иргэдэд хариу тайлбар хийх юм.

Цаашид ч хотын удирдлага 14 хоног тутам Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ирж, иргэдээ сонсон тэдэнтэй хамтран ажиллах уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж