Өнөөдөр 2016.08.23 Хувийн хөрөнгө оруулалттай Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоог үүсгэн байгуулах гэж буй талаар тус холбооний тэргүүн Д.Ангар, үүсгэн байгуулагч В.Лувсанчүлтэм, А.Мөнхбаяр нар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Тус холбооны зорилт нь хувийн хэвшилд суурилсан шинэ хөрөнгийн биржүүдийг байгуулах нөхцлийг бий болгож, дотоодын хөрөнгийн зах зээл дэх өрсөлдөөнийг нэмэгдүүлснээр бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулж, үнийг бууруулах ингэснээр олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бий болгохыг зорьж байгаа гэнэ.
Мөн Нью-Йорк, Лондон зэрэг санхүүгийн төвүүдэд бизнес уулзалтууд форум зохион байгуулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголтой холбоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажилдаа орно гэсэн юм.
Эдийн засагт мөнгөний хомсдол бий болсон энэ үед бизнесүүдэд эргэлтийн хөрөнгө чухал ийм ч учраас банкны өндөр хүүгүй хөрөнгө оруулалт чухал. Хямралаас гарах гарц нь ганц тулгуурт өнөөгийн санхүүгийн системийн бүтцийг өөрчлөх, хөрөнгийн зах зээлээ өргөжүүлэх замаар эдийн засгийн хямралыг давах боломж байгаа.
Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоог үүсгэн байгуулагч Д.Ангар “Тиймээс олон нийтийн санхүүгийн мэдлэгийг зузаатгах, хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, олон нийтийн харилцааг хангах, биржийн бус зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн дурьдсан юм.
Б.ТЭГШ