"Рио 2016" олимпийн наадмын сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 21-ний өдөр болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдааны үр дүн дэлхийн нийтийн анхаарлын төвд байсаар байна. Энэ жингийн эхний хүрэл медалийн төлөө Г.Мандахнаран, Узбекстаны Ихтиёр Наврузов нар барилдсан. Барилдаан дуусахад 15 секунд дутуу байхад Г.Мандахнаран 7-6-аар хожиж явсан юм. Гэтэл түүнийг цаг дуусах хүртэл илт зугтааж хамгаалсан гэдэг үүднээс торгуулийн 1 оноог өгсөн. Ингээд хүрэл медаль хүртчихлээ хэмээн баярласан Г.Мандахнаран ялагдал хүлээсэн юм.
Рио-де-Жанейро хотын “Olympic Training Center–Hall 3” спортын ордонд болсон тус тэмцээнийг МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх үзэж сонирхжээ. Гэхдээ холбооны генсек будлиантай шүүлт болох гэж байсныг эртнээс мэдэж байсан бололтой. Тэрээр барилдаан эхлэхээс өмнө "Узбекийг шүүгчтэй нь хамт хожих тулаан болно" гэж жиргэж байсан юм.
Үнэхээр шүүлтийг ингэж хийх байсан юм бол энэ асуудлыг эрт зогсоох боломжтойг О.Баянмөнх, шүүгчээр ажилласан Б.Төмөрбаатар нар мэдэж баймаар.
Барилдааны үр дүн гарсны дараа О.Баянмөнх "Манай хүн эрт баярласан нь буруу. Гэхдээ цэвэр шүүгчдийн луйвар" гэж үргэлжлүүлсэн байна.
Узбекстаны Ихтиёр Наврузов шөвгийн наймд Пуэрто Рикогийн бөх Ф.Гоместой барилдахдаа шүүгчийн тусламжтайгаар 8-5-аар хожсон. Эл барилдааныг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шүүлт буруу болж, барилдааныг шүүсэн БНСУ-ын Тон Кун Чун, Гүржийн Темо Казарашвили, ОХУ-ын Сергей Новакоский нарын шүүгчдийг хөөсөн байдаг. Тиймээс Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны тайлбарыг хүлээх үлдлээ.
Ч.БОЛОР