Монголын чөлөөт бөх “эв нэгдэл”-д ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.08.22-нд нийтлэгдсэн

Монголын чөлөөт бөх “эв нэгдэл”-д ялагдлаа

Монгол Улс олимпийн медалиа харамсалтайгаар алдсан ахадсан гунигтай өдрийг өчигдөр харлаа. Олимпийн сүүлийн өдөр чөлөөт бөхийн 65 кг-ын жинд барилдсан Г.Мандахнаран Узбекстаны бөхтэй хүрэл медалийн төлөө барилдаж, 7:6-гийн харьцаагаар хожиж яваад, цаг дуусахтай зэрэгцэн ялалтаа тэмдэглэж асан баярт мөчөө шүүгчийн шүгэлийн дууны араас алдав. Харж болох хамгийн харамсалтай ялагдал энэ байлаа.  

Барилдаан дуусахаас 3 секундын өмнө дэвжээний шүүгч манай бөхийг торгох сануулга өгсөн ч хажуугийн шүүгчид санал нэгдэж, шийдвэр гаргаагүй байхад цаг дууссан. Онооны самбарт барилдааны хугацаа яг 6:00-ыг заахад Г.Мандахнаран 7:6-гаар барилдааныг дуусган, хүрэл медалийн болзол хангасан байв. Гэвч шүүгч түүнийг зугтсан гэдэг үндэслэлээр цаг дууссаны дараа 1 оноогоор торгож, Узбекстаны бөхөд ялалт өглөө. Болсон явдал гэвэл энэ.

Урд шөнийн энэ барилдаан, түүний явц, шүүлтийн асуудал, харуусал, гуниг, бодит байдлыг олимп үзэж байгаа олон нүд харсан болохоор бусад тайлбар илүүц биз ээ.

Дэлхийн олон орны бөх сонирхогчид, үндэсний холбоод Монголын бөхийн ялалтыг луйвардсан тухай шүүмжилж, байр сууриа илэрхийлсээр байна. Монгол, Узбекстаны бөх барилдаж байхад Азербайжанд суурьшсан узбек хүн барилдаан дэнслэх шүүгчийн бүрэлдэхүүнд багтсаныг бөхийн хүрээнийхэн шүүмжилжээ. Боксын шүүлтийн булхай илэрч, шүүгчид Риогоос хатуу сануулгатай буцаж дуусаагүй байхад чөлөөт бөхийн шүүгчид ч эхнээсээ холбооноосоо банга хүртэж эхэлжээ.

Манай бөхтэй хүрэл медалийн төлөө барилдаж, ялалт авсан Узбекстаны Ихтиёр Наврузов, Пуэрто Рикогийн Фрэнклин Гомес нарын шөвгийн наймын барилдааны үр дүнд луйвар орсон болохыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо хүлээн зөвшөөрч, хянаж байсан гурван шүүгч болох БНСУ Тон Кун Чун, Гүржийн Темо Казарашвили, ОХУ-ын Сергей Новакоский нарыг хөөсөн байна. Энэ шийдвэрийг манай бөхийн барилдааны дараа гаргажээ.

Монгол хэдийгээр чөлөөт бөхийн төрөлд олон улсын шүүгчтэй болсон давуу талтай ч 2016 оны Оросын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Чөлөөт бөхийн холбооноос томилогдож шүүсэн Б.Төмөрбаатар, Д.Сэрээтэр нар үймүүлж, Дагестаны багийг тэр чигээр нь Оросын аваргаас хасуулсан, булхайтай тохиолдол гарч байсан. Энэ маргаан өнөөдөр олимпийн дэвжээнд хариу авах шалтгаан болсон ч байхыг үгүйсгэхгүй.

Шүүлтийн шийдвэрийг эсэргүүцэж, хүндэлж дээдэлдэг дэвжээн дээр хувцсаа тайлах хүртлээ хэдэн дасгалжуулагчид маань аргаа барлаа. Олимпийн сүүлийн өдрийн дуулиан, энэ олимпод олон тамирчны хувь заяагаар тоглож буй шүүгчдийн шударга бус байдал дэлхийн спортын сонирхогчдын хатуу эсэргүүцэлтэй тулж байна. Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын тамирчныхаа төлөө гаргасан үйлдлийг шүүмжлэх хүн байж магадгүй юм. Өмнө нь Чөлөөт бөхийн холбооны буруутай үйл ажиллагаа, хуурамч виз үйлдсэнээс болж 2015 онд Азийн аваргад явж чадаагүй, түүний улмаас олимпод барилдах эрхээ алдахад хүрч байсан тамирчдынхаа өмнөөс шигшээгийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Батбаяр нар дэвжээнд гарч байсныг энэ үед эргээд нэг санаарай. Тэгэхэд олны өмнө нүүрээ улалзуулан барилдсан дасгалжуулагчдын оролцоотойгоор Монголын чөлөөт бөхийн эрэгтэй баг өнөөдөр олимпод бүтэн багаар оролцох боломжоо авч үлдэж чадсан юм.

Дөрвөн жилийн хөлс, хөдөлмөр, сэтгэл, зүтгэлээ тав хүрэхгүй секундэд алдсан тамирчин, дасгалжуулагч хоёрт ялалтаа булаалгахаас өөр ямар эмзэг гашуун мэдрэмж байх билээ. Тэр тусмаа атгандаа оруулсан байсан олимпийн медалиа алдах.

Энэ хорвоо дээр эвлэж нийлдэггүй хатуу гэж баймааргүй л юм.

Үнэндээ бол, олимпод ирэх хүртэлх өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд чөлөөт бөхийнхөн хүнээ байтал эвдрэлцсэн нь их спортын тавцан дээр үнэн мөнөөрөө харагдлаа. Нэг баг мөртлөө хоорондоо дугардаггүй, мэндэлдэггүй тийм дүр зураг бодит байдал дээр харагдав. Тэгж монголоо алдсан, тэгж их эв алдарсан хүмүүс нэг багт багтах хэцүү. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж та, энэ харамсалтай ялагдлын хаана байв аа. Багаа барилдуулж дуусгалгүй олимпиос буцсаны учрыг түүнээс асуумаар байна. Эрэгтэй баг нь тэмцээнээ эхлээгүй байхад “Бүх зүйлийг тэгээс эхэлнэ” гээд эргэж ирээгүйн учир юу вэ?

Олимпиос медаль авна гэдэг зөвхөн тамирчин, дасгалжуулагч хоёрын үүрч даадаг ачаа биш ээ. Дөрвөн жилийн хугацаанд туулах хором, урсгах хөлс, том зорилгын төлөө нэгдсэн хүн бүрийн оролцоо өчүүхэн жаахнаасаа эхлээд уул шиг өндрийг хүртлээ бүгд нэг саванд багтана. Хатуухан хэлэхэд, Монголын чөлөөт бөх энэ удаагийн олимпод “эв нэгдэл”-д ялагдлаа.

Ганц чөлөөт бөхийн холбоо гэлтгүй спортын байгууллага, шигшээ багийн бүрэлдэхүүний байнгын халаа сэлгээ, холбоод дотор үүссэн дотоод зөрчил, хамтын хүчгүй байдал нь олимпод оролцсон манай багийн сул тал байлаа. Тамирчны сэтгэл зүй, багийн сэтгэл зүй гэдэг нь ганц өдөр дэвжээн дээр үзүүлэх ааг омог, нойр, хоолны зөрүү, урьд өдөр нь унтаж амрах тухай хэдхэн өдрийн асуудал биш гэж бодож байна.

Нэг баг шиг эв эе, ажлаа, албаа, наашилбал нэг нэгнээ хүндлэх хамгийн чухал сэтгэлзүйн хүчин зүйл олимпод дайсан итгэл найдварт ямар нэг утгаар саад болсон. Энэ бол олон давтаж, удаан үргэлжлүүлж болохгүй алдаа юм. Манай тамирчид сэтгэл зүй муутай гэхээсээ сэтгэл гундуу харагдсаныг нуух юун.

Г.Мандахнаран олимпийн дэвжээнд хийсэн өчигдрийн дөрөвхөн барилдааны төлөө дөрвөн жил тасралтгүй хөдөлмөрлөдөг. Тамирчин бүр энэ мөчийн төлөө эх орон, ард түмнээ төлөөлөн ганцаараа дэвжээнд гардаг. Тамирчдаа бид хайрлах ёстой. Хайрлана гэдэг нь магт гэсэн үг биш. Спортоо бодлогоор, өргөн агуулгаар, өндөр хөгжил, бат бэх БАГ-ийн зохион байгуулалтаар дэмжих хэрэгтэйг их олимпийн ялалт, ялагдал, баяр хөөр, харуусал бүхэн харууллаа.

Монгол бөхчүүдийн нэр хүндийг чинээнд нь тултал өргөж барилдсан Г.Мандахнарандаа, медаль хүртсэн Д.Сумъяа, Д.Отгондалай хоёртоо баярлалаа. Эх орон МОНГОЛ-оо олимпод аваачиж наадуулсан нийт тамирчдадаа баярлалаа. Өмнөх олимпийн тогтоосон өндөр босгыг заавал даваарай. Токиод уулзацгаая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж