Эрүүл мэндийн салбарт хуваарилах төсвийг нэмэх шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2016.08.22-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарт хуваарилах төсвийг нэмэх шаардлагатай гэв

  • Оны эхний хагас жилд гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал, мал, амьтны гоц халдварт цэцэг, гахайн мялзан өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас олгохоор болсон. Түүнчлэн ой, хээрийн түймэр, хүчтэй шуурганаар орон гэргүй болсон өрхөд улсын нөөцөөс олгосон иж бүрэн 40 гэрийн төлбөрийг нөхөн бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тус сангаас гаргахаар болжээ.


  • УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 25-нд хуралдаж магадгүй гэж албаны эх сурвалжаас мэдээлсэн. Тэгвэл нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн оны төсвийн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2020 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөрийн гол параметруудыг батлах аж. Мөн  төсвийн тодотголыг хийх юм. Төсвийн тодотголыг боловсруулахдаа Өндөрхаан-Чойбалсан /143 км/, Тосонцэнгэл-Улиастай /67 км/, Цахир-Тосонцэнгэл /127.1 км/, Булган-Үенч-Ховд /60 км/ чиглэлийн автозамыг ашиглалтад бүрэн оруулахад шаардлагатай санхүүжилтийг тусгахыг Засгийн газраас Сангийн яаманд үүрэг болгожээ.


  • Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар эрүүл мэндийн салбарынхантай өнгөрсөн баасан гаригт уулзжээ. Уулзалтад эрүүл мэндийн салбарын 50 гаруй төлөөлөл оролцож, эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэх шаардлагатай хэмээн саналаа илэрхийлсэн байна.


  • Монголбанкны зарласан ханшаар эхний долоон сард иенийн ханш төгрөгийн эсрэг 22 хувиар чангарсан байна. Монгол, Японы эдийн засгийн түншлэл хүрээнд 0-3 жил ашигласан автомашины импортын тарифыг чөлөөлөх, 4-6 жил ашигласан автомашины татварыг жил тутам бууруулах, 4500-аас бага хөдөлгүүрийн багтаамж бүхий шинэ автомашиныг гаалийн татвараас бүрэн чөлөөлөхөөр болсон. Хэдийгээр үүний үр дүнд шинэ автомашины үнэ 4.5- 5 хувиар буурна гэсэн хүлээлт буй ч иенийн ханш чангарсны улмаас өөрчлөлт гараагүй аж.


  • АНУ-ын Флорида муж улсын Майами эрэг орчимд шумуулын хатгалтаар дамжин халдварладаг Зика вирусын халдвар гарсан байна. Одоогийн байдлаар 36 хүн Зика вирусын халдвар авсан нь тогтоогджээ. Сүүлд халдвар авсан нь тогтоогдсон таван хүн нь Нью-Йорк, Техас муж болон Тайвань улсаас ирсэн жуулчид байна.


  • Ирэх хичээлийн жилд нийслэл цэцэрлэгүүдийн суудлын тооны 20 хувийг зорилтот бүлэгт, 80 хувьд нь тусгай талон тарааж, сугалаа явуулахаас өөр аргагүй болоод байгаа юм. Мөн энэ үеэр авлига өгч, авдаг гэсэн гомдол их гардаг учраас Авлигатай тэмцэх газартай хамтран хяналт тавьж ажиллахаар болжээ.


  • Японы хойд эргийн ойролцоо өнөө өглөө 6.0 магнитудын газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт Японы Мияко хотоос зүүн хойд зүгт 170 км зайтай газар байсан аж. Хүчтэй газар хөдлөлтийн дараа 5.3 магнитудын чичирхийлэл дахин мэдрэгдсэн байна. Японы албаныхны мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас цунамийн гамшиг үүсээгүй аж. Одоогоор газар хөдлөлтийн үеэр хүн гэмтэж бэртсэн эсвэл эд хөрөнгө сүйдсэн эсэх мэдээлэл ирээгүй байна.


  • Чингэлтэй дүүргийн нутаг, Шаргаморьт чиглэлийн зуслангийн замд баасан гаригийн өглөө 08.25 цагийн орчим ноцтой осол гарчээ. Замын цагдаагийн газраас мэдээлснээр  Чингэлтэй дүүргийн нутаг Зунжин дэлгүүрийн баруун талд Subaru маркийн автомашины жолооч Т урсгал сөрж Toyoto Allion маркийн автомашинтай мөргөлдсөнөөс уг осол болжээ. Улмаар Т газар дээрээ нас барж, мөргүүлсэн машины жолооч Ө нь ГССҮТөвд хүргэгдэн очоод амьсгал хураажээ. Мөн хоёр хүн гэмтсэн бөгөөд энэхүү ноцтой ослын хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ. Хэргийн газрын үзлэгээр осолдсон хоёр машин 150 км цагийн хурдтай явж байсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж