Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэлж 57, 74 кг-ын жингүүдийн барилдаан болов.
57 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт Сенегалын бөх Адама Диаттатай таарч дэвжээнээс түрж гаргаж 1, хоёр хөлийг нь тавхайгаар нь авч ард нь гарч 2 оноо авч хожиж яваад барилдаан дуусахад 10 секунд дутуу байхад хөлдөө алдаж 3:3 онооны харьцаагаар хожигдож бөх сонирхогчдынхоо урмыг хугалав. Ур чадвараар илүү мөртөө өрсөлдөгчөө эс тоож хэнэггүй барилдсанаас Африк тивийн бөхөд дийлдэж дэндүү гашуун сургамж авлаа. Олимпийн дэвжээ гэдэг маш хатуу байдаг бололтой. Сенегалын бөх дараагийн тойрогт кубын бөх Ювлус Бонне Родригестэй барилдаж 3:7 онооны харьцаагаар дийлдэж манай бөх дагаж барилдах бололцоогүй болсон.
Нэгдүгээр тойрогт Японы бөх Рей Хигучи Ардчилсан Солонгосын бөх Кьонг Илийг 12:2 онооны харьцаагаар илүүрхэн хожиж гуравдугаар тойрогт Ираны бөх Хасан Сабзали Рахими нь Оросын бөх Виктор Лебедевийг 6:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ.
74 кг-ын жинд Гавьяат тамирчин П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Туркийн бөх Сонёр Демирташтай хүнд барилдаан хийж хөлдөө хоёр удаа алдаж 4 оноо алдаж давшилт хийж хөлд нь орж 2 оноо авч 2:4 онооны харьцаагаар хожигдлоо. Өрсөлдөгчөө үнэхээр барсангүй. Туркийн бөх дараа нь ираны бөх Хасан Алиазам Яндани Чариатитай өрсөлдөж 0:7 онооны харьцаагаар дийлдсэнээр манай бөхөд дагах барилдаан хийх боломж гарсангүй.
Гуравдугаар тойрогт Оросын бөх Аниур Гедуев, АНУ-ын бөх Жордан Эрнест Барроуз хоёр гал улалзуулсан барилдаан хийж чөлөөт бөхийн гайхамшгийг харуулж оросын бөх өрсөлдөгчийнхөө хөлд нь орж 3:2 онооны харьцаагаар хожлоо.
АНУ-ын бөх Жордан Эрнест Барроуз нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Гвиней Биссау улсын бөх Августо Миданаг 8:3 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт Оросын бөх Аниур Гедуевт 2:3 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд Узбекийн бөх Бекзод Абдурахмановт 1:11 онооны харьцаагаар хожигдож медальгүй хоцров.
Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр Азербайжан, Гүрж, Иран, ОХУ, Турк, Япон гэсэн Ази, Европ тивийн 6 орны бөхчүүд медаль хүртсэний дотор Ираны бөхчүүд алт, хүрэл, Азербайжаны бөхчүүд хошой хүрэл авч сайхан амжилт гаргалаа.
74 кг-ын жинд олны танил биш залуу бөх Хасан Алиазам Яндани Чариати шууд алтан медальд, 57 кг-ын жинд медалийн тааварт огт байгаагүй Японы залуу бөх Рей Хигучи шууд мөнгөн медальд хүрчээ.
Эрэгтэй чөлөөт бөх
57 кг:
1. Владимир Хинчегашвили, /Гүрж, олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний алт, мөнгө, европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, хошой алтан медальт, залуучуудын дэлхийн
хошой аварга/
2. Рей Хигучи /Япон/
3. Хасан Сабзали Рахими /Иран, ДАШТ-ний алт, мөнгөн медальт/
3. Хажи Алиев /Азербайжан, дэлхийн хошой аварга/
14. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хангарьд” клуб, “Алтай констракш” компанийн бөх, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт, дэлхийн залуучуудын дэлхийн аварга, Азийн аварга/
74 кг:
1. Хасан Алиазам Яндани Чариати /Иран/
2. Аниур Гедуев /ОХУ, ДАШТ-ний хүрэл медальт, Европийн спортын наадмын аварга, тивийн 3 удаагийн аварга/
3. Сонёр Демирташ, Soner Demirtash /Турк, Европийн спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Жабраил Хасанов, Jabrayil HASANOV /Азербайжан, ДАШТ-ий хошой хүрэл, Европийн спортын наадмын хүрэл медальт, тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга/
15. Пүрэвжавын Өнөрбат /”Хасу-Мегастарс” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, залуучуудын ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт/
Д.ӨЛГИЙСАЙХАН /МЧБХ/