Эрх баригчдад өгөх зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2016.08.22-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эрх баригчдад өгөх зөвлөгөө

Эрх баригчдад өгөх зөвлөгөө

Эдийн засгийн хамгийн сүүлийн тоо мэдээнүүдийг дэлгэсэн эрх баригчдын хямралыг даван туулах хөтөлбөр нь хасалт, таналт, хатуу мөнгөний бодлогоор үргэлжлэх нь тодорхой болжээ. Дээр дооргүй “бүсийг нь чангалах” хямралын эсрэг хөтөлбөрөө шинэ Засгийн газар төсвийн тодотголтой хамт УИХ-ын ээлжит бус чуулганаар оруулж ирүүлэхээр бэлтгэж буй юм.

Хүнээр бол өвчтөний “онош”-ийг нь зарлачихсан, одоо эмчлэх л үлдэж байна. “Чи үхлээ шүү” гэсэн мөртлөө огт эмчилгээ хийхгүй бол эрүүл хүн ч сэтгэлээр шууд “явна”. Эдийн засаг өөрөө амьд организм. Яг л хүн шиг гэсэн үг. Тэр тусмаа манай эдийн засаг бол маш эмзэг, хүнд “өвчтөн” болсон.

Шинэ засаг хэмнэлт, таналтын бодлого барихаар шийджээ. Ингэхээс ч өөр аргагүй. Монголын эдийн засаг бол хавтгайрсан халамжийн тогтолцоотой. Тиймээс эдийн засгийн моделио эргэн харах цаг болсон гэсэн үг. Харин эдийн засгийн моделио яаж өөрчлөх ёстой вэ?

Нэг. Мэргэжлийн Засгийн газар зөвхөн зорилтот бүлэгт хүүхдийн мөнгө олгохоо зарласан. Гэхдээ нөгөө талдаа айлын хүүхдийг алагчилж болохгүй гэсэн шүүмжлэл өрнөж байна. Тэгвэл энэ асуудлыг эвтэйхэн шийдэх боломж бас бий. Монголд 16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх авдаг. Иймээс зөвхөн 0-15 насныханд л хүүхдийн мөнгийг олгоё. Өөрөөр хэлбэл, 16-18 насныханд хүүхдийн мөнгийг өгөх хэрэггүй  гэсэн үг.  Учир нь аль ч улсад 16-25 насныхныг ид хийж бүтээх насны залуучуудад тооцдог.

Хоёр. Тансаг хэрэглээнээс болон өв залгамжлалаас татвар авъя. Монголд тансаг хэрэглээнээс татвар авах цаг болсон. Учир нь Монголд баян, ядуугийн ялгаа улам  нэмэгдэх болсон бөгөөд хамгийн сүүлд гэхэд “АСЕМ ВИЛЛА”-гийн тансаг зэрэглэлийн хаусыг монголчууд 5-6 тэрбумаар булаацалдаад авч байгаа талаар олон нийтийн сүлжээгээр нэг хэсэг шуугисан.  Тиймээс  тансаг зэрэглэлийн  машин, орон сууцны татварыг нэмэгдүүлэх, өв залгамжлалаас татвар авч байж хямралын хамгийн хүнд ачааг, Монголын хүн амын 20 хувийг эзлээд байгааг баян бүлгийнхэнд үүрүүлэх ёстой юм.  Чухамдаа 30 сая төгрөгийн цалинтай дарга, 600 мянган төгрөгийн цалинтай ажилтан хоёр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг яг адилхан 10 хувиар төлөх биш өндөр цалинтай даргад нийгмийн хариуцлагыг нь өндөр үүрүүлэх ёстой гэсэн үг.

Өндөр үнэтэй импортын бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулж эхэлснээр гадаад худалдааны алдагдал нь буурч, татварын орлого нэмэгдэж, хэрэглээний барааны импорт эрс багасч, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний борлуулалт нь ч өсөх сайн үр дүн байдаг.

Гурав. Малчдаас малын хөлийн татвар авъя. Олон малтай малчдаас малын хөлийн татвар авч, амьдралын боломж муутай малчдаа дэмжих нь Монголын төрийн бодлого байх ёстой. Малчид бол нэг үгээр хэлбэл, бизнес эрхлэгчид. Бэлчээр ашигласныхаа төлбөрийг малчдаас авах нь татварын бааз суурийг нэмэгдүүлж, хямралаас гаргахад дэмжлэг болно. Монгол Улсын хэмжээнд өдгөө 150 гаруй мянган малчин өрх байгаагийн 3.2 хувь буюу 6808 нь 1000-аас дээш толгой малтай гэсэн статистик бий.

Дөрөв. Төлөгдөөгүй байгаа татваруудаа авах хэрэгтэй. Албан бус статистикаас харахад татвараа бүрэн төлдөггүй том ААН цөөнгүй байдаг.

Тав. Асар их алдагдалтай төсөв батлачихаад араас нь төгрөгийн ханшийг чангаруул”, “улсын өрийг буруул” гэнэн тэнэгээ гайхуулдаг улстөрчдийг эдийн засгийн бодлогоос холдуулах хэрэгтэй.  Төсөв хэлэлцэх үеэр парламентын 76 гишүүн бүгдээрээ төсөвчин болчихдог нь худлаа биш.  Тиймээс төсвийн тодотголын үеэр зурагтын камерын өмнө жүжиг тоглож, оноо хөөцөлдөхөөс илүү бодитой, тооцоотойгоор хандахыг улстөрчдөд зөвлөе.

Зургаа. Зах зээлийн системд шилжин орсны дараах сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд манай орны хувийн хэвшлийн ихэнх бизнес модель ганзагын наймаа, импортын бизнес, үнийн зөрүүн дээрээс ашиг хийж амьдардаг. Өөрөөр хэлбэл, Монголын гэх бизнес голдуу л долларын зарлагатай, төгрөгийн орлоготой, гаднаас оруулж ирснээ дотооддоо хэд дахин нугалж зарж хөлждөг, бүтээгч, үйлдвэрлэгч бус зарчим ноёрхсон хэвээр байгаа. Тиймээс Монголын бизнес эрхлэгчид бизнес моделио эргэн харж, зоригтой өөрчлөх шаардлагатай цаг болсон гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж