Түүнийг Омран Дакнееш гэдэг. Цусанд хутгалдсан, тоос шороонд дарагдсан, түргэний эмнэлэгт тусламж хүлээн суух тэр хүү бяцхан хүүгийн зураг Сири дахь нөхцөл байдал ямархуу хэмжээнд хүрсэнийг харуулав.
Энэ бяцхан хүү 5 настай бол Сирийн дайн эхлээд даруй таван жилийн нүүрийг мөн үзжээ. Түүнийг бөмбөгдөлтөнд өртсөн гэрээс хүмүүнлэгийн багийн нэгэн эрэгтэй тэврэн гаргахад өхөөрдөм булцгар гар, хөл нь залууг тас тэвэрсэн байлаа.
Омран ээж, аав, ах, эгчийн хамт Сирийн Алеппо хотод амьдардаг. Лхагва гаригт тэдний амьдардаг байшин агаарын бөмбөгдөлтөд өртөн сүйрсэн байна. Азаар түүний гэр бүлийнхэн амьд гарчээ.
Хүмүүнлэгийн ажилтнууд Орос болон Сирийн дэглэмийг энэ бүхэнд буруутай гэв.
Аллепо хот нь хэдэн жилийн турш дайн байлдааны нөхцөл байдалд байгаа бөгөөд одоогийн байдлаар мянга мянган гэм зэмгүй иргэд болон 4500 хүүхдийн аминд хүрээд байна.
Алеппогийн мэдээллийн агентлагийн нийтэлсэн Омран хүүгийн сэтгэл өвтгөм бичлэг олон нийтийн сүлжээг шуугиулж байна. Түүний хүүхэлдэйн баатартай цамц шороо тоосонд дарагдан, толгойных нь зүүн хэсгээс цус урсаж байхад уйлах ч үгүй, хашгирах ч үгүй чив чимээгүй сууж байгаа нь үнэхээр сэтгэл өвтгөм…
Аврах багийнхны хэлснээр Омраны гэрийг бөмбөгдсөнөөс цагийн дараа хүүг аварсан бөгөөд хүү гүн шоконд орсон нь илэрхий байсан гэв. Тэрээр мэл гайхсан янзтай, түргэний машины сандал дээр өвдгөн дээрээ гараа тавин суусан нь хэн нэгэн түүнд туслахыг хүлээж байгаа мэт харагдаж байлаа. Зүүн гараа нүд, шанааныхаа орчимд дарж байсан нь хүнд цохилт авсан байх магадлалтай харагдаж байв. Нүүрээ арчсаныхаа дараа гарт нь болсон цусыг гайхан харан сууна…
Яг үнэндээ бол таны харж буй энэ зураглал өдөр бүр Алеппо хотод болдог хэмээн Аллепогийн мэдээллийн агентлагийн зураглаач CNN-ний сурвалжлагчид хэлж байлаа.
Аврах багийнхан болон зураглаачдыг бөмбөгдсөн газарт өртөж, хохирсон хүмүүст туслахаар очиход бөмбөгдөгч онгоцууд эргэлдэн дахин бөмбөгдөж, аварч буй хүмүүсийн амийг хөнөөдөг” гэв.
Дэлхийн дуугаа хураасаар….
2011 оны гуравдугаар сараас 2016 оны наймдугаар сар хүртэл Аллепо хотод нийт 18,000 гаруй хүн амь үрэгдсэнээс 4500 нь 18 наснаас доош насны иргэд өөрөөр хэлбэл хүүхдүүд амь үрэгдсэн байна. Одоогийн байдлаар 1,5-2 сая хүн Аллепо хотод амьдарч байгаа гэсэн тоон мэдээлэл бий.
Өнгөрөгч 2015 онд 2 настай Алан Курди гэх Сири хүүгийн Туркийн далайн эрэг дээр амь үрэгдсэн байдалтай хэвтэж буй сэтгэл өвтгөм зураг олон нийтийн сүлжээгээр маш эрчимтэй тархсан нь тухайн үед Европын цагаачлалын хямралын бэлэг тэмдэг болж байлаа.
Дээрх зургийг Катарт оршин суудаг Судан гаралтай уран бүтээлч Калид Албаих зурсан аж. Тэрээр хэлэхдээ энэ зургийг Сирийн дайны хор уршигаар зовж буй сая сая иргэдийг дээрх хоёр хүүгээр төлөөлүүлж зурсан гэжээ.
Г.Анударь
Эх сурвалж: CNN