Японы хойд эргийн ойролцоо өнөө өглөө 6.0 магнитудын газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт Японы Мияко хотоос зүүн хойд зүгт 170 км зайтай газар байсан аж. Хүчтэй газар хөдлөлтийн дараа 5.3 магнитудын чичирхийлэл дахин мэдрэгдсэн байна. Японы албаныхны мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас цунамийн гамшиг үүсээгүй аж. Одоогоор газар хөдлөлтийн үеэр хүн гэмтэж бэртсэн эсвэл эд хөрөнгө сүйдсэн эсэх мэдээлэл ирээгүй байна.
Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы өмнө хэсгийн Кумамото мужид хоёр удаа хүчтэй газар хөдөлсний дараа 1700 гаруй чичирхийлэл мэдрэгдэж байв. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 49 хүн амь үрэгдэж, их хэмжэний эвдрэл сүйрэл болсон юм.
Эх сурвалж: Korea Times
Б.АНХТУЯА