Жэйси Дугард бүсгүйн бичсэн “Хулгайлагдсан амьдрал” нэртэй ном АНУ-ын номын зах зээлд энэ сарын 12-ноос зарагдаж эхэлсэн бөгөөд эхний өдрөөсөө л шуугиан тариад байна. Уг номыг хэвлэмэл, цахим болон аудио хувилбараар “Саймон энд Шустер” хэвлэлийн компаниас эрхлэн гаргажээ. Борлуулалтад гарсан эхний өдрөө 175 мянган хувь зарагдсан гэнэ.
Жэйси Дугард хэмээх энэ бүсгүй 11 настай байхдаа гаж донтон Филип Гарридо гэгч эрд хулгайлагдсан юм. Гав гинж, байнгын хүчирхийлэл, айдас, доромжлолын дор 18 жилийг өнгөрүүлсэн гэдэг. Энэ хугацаанд тэрбээр Гарридогийн хоёр охиныг төрүүлжээ. Түүнийг охидынх нь хамт 2009 онд олж аварсан бөгөөд өдгөө Жэйси ээж болон охидынхоо хамтаар амьдардаг. Гарридог бүх насаар нь харин түүний эхнэрийг 36 жил шоронд хорих ялаар шийтгэсэн юм. “Хулгайлагдсан амьдрал” номд Жэйсигийн хулгайлагдсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх амьдралын үнэн түүхийг өгүүлдэг аж.