Эдийн засгийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэл хийсэн. Тэрхүү мэдэгдлээс болж Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд уналаа гэж Ардчилсан намынхан үзэж байгаа юм. Харин МАН-ынхан үнэн зөв мэдээлэл дээр үндэслэж эдийн засгаа аварна гэж тайлбарлаж буй. Тэгвэл эдийн засгийн нөхцөл байдал ямар хэмжээнд байгааг Эдийн засагч Ч.Хашчулуунаас тодрууллаа.
-Эдийн засгийн өсөлт ямар хэмжээнд байна вэ?
-Эдийн засгийн өсөлт эхний улиралд гурван хувьтай байсан бол хоёрдугаар улиралд 1.4 хувьтай гарлаа. Ерөнхийдөө өмнөхөөс 50 хувиар буурсан. Энэ байдлаар буурсаар байвал жилийн дүнгээр хасах руу орж болзошгүй нөхцөл байдал бий болоод байна. Азийн хөгжлийн банкнаас манай эдийн засгийн өсөлтийн тооцоог гаргахдаа 0-1 хувиар өснө гэж байсан. Тухайн үед бага тоо гэж харагдаж байсан боловч одоо Азийн хөгжлийн банкны төсөөлөл үнэнд дөхөм очиж байх шиг байна. Улсын хөрөнгө оруулалт багассан. Оюутолгойн гүний уурхайн ажил хараахан эхлээгүй байдлыг харахад энэ жил эдийн засгийн өсөлт гарахад бэрхшээлтэй байна.
-Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжүүлэх чиг барьж байгаа. Ийм горимд шилжвэл нөхцөл байдал өөрчлөгдөх үү?
–Хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй байна. Яагаад гэвэл орлого нь зарлагаа нөхөх ямар ч боломжгүй байгаа учраас зарлагаа танах нь зөв. Мөнгө нь орж ирэхгүй байсан учраас эдийн засгийн өсөлт саарсан энэ үед хэмнэлтийн горимд шилжлээ гээд эдийн засгийн өсөлт улам саарна гэсэн ойлголт байхгүй. Угаасаа энэ мөнгө орж ирэхгүй л байх байсан. Тиймээс эдийн засгийн өсөлт тааруу байгаа энэ үед хэмнэлтийн горимд оруулах нь төсвийг эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.
-Монголбанк бодлогын хүүгээ 15 хувь болголоо. Мөнгөний хатуу бодлого баримталж байгаагийн эерэг, сөрөг тал нь юу вэ?
–Бодлогын хүүг өсгөх нь түр зуурын арга хэмжээ юм. Валютын зах зээлд төгрөгийн ханшийг тогтоохын тулд хэрэглэдэг арга. Бодлогын хүү өсвөл төгрөгийн хадгаламжийн хүү түүнийг дагаад бага зэрэг өснө. Ингэснээр хүмүүс төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу шилжүүлэх нь багасна гэж үздэг. Тиймээс хэт их ам.долларын хадгаламж руу хөрвүүлж буй энэ үед бодлогын хүүгээр төгрөгийн ханшийг хамгаалдаг арга хэлбэр. Цаашид эдийн засаг хэвийн байдалдаа ороод ирвэл ийм арга хэрэглэх шаардлагагүй болно.
-Манай улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой олон улсын банк санхүүгийн байгууллага нэлээд байна. Тэдгээрийг оруулаад ирвэл эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ?
–Төгрөгийн ханшийг тогтоох хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт, хүүгийн бодлогыг нэмэгдүүлснээр төгрөгөө хамгаалах арга. Хоёрдугаарт, ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга. Уг аргыг Төвбанк ойрын өдрүүдэд хэрэгжүүлж байгаа. Саяхан 60 сая ам.долларыг зэх зээлд нийлүүлсэн гэж сонссон. Ер нь бол урт хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирээд, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллаж байж энэ асуудал шийдэгдэнэ. Тиймээс томоохон хөрөнгө оруулалтуудаа тууштай явуулах хэрэгтэй байна. Ингэснээр ам.долларын ханш тогтворжоод ирэх нь гарцаагүй. Өмнө нь 2010 онд ам.долларын ханш 1200-1800 болтлоо өссөн. Тухайн үед Ухаахудаг, Таван толгой төслийг хэрэгжүүлээд, ам.долларын ханш буурч байсан. Тиймээс бодлого зөв байвал төгрөгийн ханш тогтворжино.
-Төсөв хүнд байгаатай холбоотой хэмнэх горимд шилжиж байна. Өчигдөр л гэхэд Засгийн газрын зүгээс хэмнэлт хийх чиглэлээр аймгийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өглөө.
-Хэмнэлтийн горим улсын хэмжээнд байгаа. Санхүүгийн хувьд сайн үр ашигтай зүйлүүд дээр төвлөрөх ёстой. Огт зарлага гаргахгүй гэсэн үг биш, төлөвлөсөн зарлага нь орлогоо давчихаад байгаа юм. Тэгэхээр нэн түрүүнд хамгийн чухал зайлшгүй зардлууд дээрээ төвлөрөх ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл бодлогоо л зөв тодорхойлох ёстой.
Т.НОМИН