Ц.Энхжаргал: Бэртэл бүрэн эдгээгүй ч би тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.08.23-нд нийтлэгдсэн

Ц.Энхжаргал: Бэртэл бүрэн эдгээгүй ч би тоглоно

Монголын хөлбөмбөгийн талбай дээр наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээний “B” хэсгийн тоглолтууд болж байна. Энэ хэсэгт Монголын "Эрчим", Балбын/Непаль/ "Три Стар", Камбожын "Нагауорлд"  багууд өрсөлдөж байгаа билээ.

Эхний тоглолтод "Три Сар" багийг 2:0-оор хожсон "Эрчим" маргааш шийдвэрлэх тоглолтоо хийнэ. Өнөөдөр Балбын "Три Стар", Камбожын "Нагауорлд"  багуудын тоглолт МХБХ-ны Цэнгэлдэхэд 18.00 цагаас болно.

Ингээд “Эрчим” клубын багийн ахлагч Ц.Энхжаргалаас дараах тодруулгыг хийлээ.


– Том тэмцээний өмнөх бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

Багийн бэлтгэл сайн хийгдэж байгаа. Гэхдээ үндсэн бүрэлдэхүүнд хэд хэдэн өөрчлөлт орж байна. Ялангуяа хамгаалагч Г.Билгүүн, Б.Эрхэмбаяр нар тодорхой шалтгааны улмаас тоглохгүй. Мөн өчигдөрийн бэлтгэл дээр манай хагас С.Гал-Эрдэнэ бэртэл авсан гэх мэт харамсалтай мэдээ байна. 

– Өрсөлдөгч хоёр багаа судалж байна уу?

Өмнө нь Непалын “Три Стар” клубтэй хоёр тоглож байсан. Тэдэнтэй Малайзад тоглоод 1:1-ээр тэнцэж, нутаг дээр нь 2:0-ээр хожигдсон. Ерөнхийдөө тэдний тоглолтыг мэдэж байгаа тул энэ удаагийн тэмцээнд бид давуу талтай. “Нагауорлд” клубтэй учираа таарч байгаагүй ч одоо судалгаа сайн хийж байна. 

– Таны бэртэл гэмтэл эдгэж байна уу?

-Миний хувьд бэлтгэлээ хийж байгаа ч бэртэл гэмтэл бүрэн эдгээгүй байна. Гэхдээ гарааны хоёр хамгаалагч маань тоглохгүй учраас би талбайд гарна.

– Шадаб Ифтихар танай багтай нэгдсэн харагдлаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү.

-Түүний хувьд манай дасгалжуулагчид найз нөхдийн хувиар тусалж байгаа. З.Баттулга түүнийг эсрэг багийн тактикийг судалуулахаар хамтарч ажиллаж, зөвлөгөө авч байгаа гэж бодож байна.

– Нутагтаа, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглож буй тоглогчид сэтгэл зүйн том давуу талтай байдаг. Хөгжөөн дэмжигчидээ юу гэж уриалмаар байна.

Та бүхэн МХБХ-ны ногоон талбайд цуглаж Монголынхоо багийг дэмжээрэй. Дэмжих дэмжихдээ зөв дэмжээрэй гэж уриалъя.

Эх сурвалж: the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж